Соната болон Монголын дээд боловсролыг хөгжүүлэх 22 сая долларын төсөл
2018/10/17

2 долоо хоногийн өмнө 708 гишүүнтэй “МУИС-ийн багш нар” нэртэй, 4 захирал маань байдаг нууц группт (МУИС 773 үндсэн багштай) өмнө нь дэд захирал хийж байсан нэг профессор одоогийн 3 захирлын унаж байгаа машинууд болон автобусуудыг оноор нь жагсаагаад, автобаазаа шинэчлэх шаардлагатай байгаа талаар бичжээ. Машинууд нь миний хувьд бараг шинэ (2006, 2010оны Соната), дээр нь одоогийн 4 захирлын зарим нь надаас хамаагүй залуу улс учир коммент хэсэг дээр нь 

“Ямар дэд захирлууд нь унадаг юм бол? Ер нь заавал унаа унах шаардлага бий юу? Манчестер, Ланкастерийн их сургуулийн захирлууд нь дугуй, эсвэл өөрсдийн машинаа унадаг байсныг нь мэдэх юм байна. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээ эхлээд захиалахын оронд машин тэрэг аваад байхаар МУИС Монголын эрдмийн их уурхай байх ёстой гэдэг зарчим алдагдаад байгаа мэт. Эрдмийн их уурхай гэдэг нь эрдэм шинжилгээний сэтгүүлүүд нь юм шүү дээ. Өөрийн болон магистр, докторын оюутнууддаа уншуулах өгүүлэл гадны хүмүүсээс гуйсаар одоо бүр нэр нүүрээ алдаж гүйцлээ. Эсвэл энэ ахисан түвшний сургалт гэдгээ болимоор юм. Судалгааны (research) зэрэгтэй гэгддэг магистр, докторын сургалт эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр түшиглэдэг нь өнөөгийн стандарт.” гэсэн асуулт тавиад хариу авч чадсангүй. 

Экс захирал маань одоо болох гэж байгаа захирлын сонгон шалгаруулалтын тухай гэх мэт тэс ондоо пост оруулаад байгааг бодоход нэг бол миний комментийг хараагүй, эсвэл хариулах шаардлагагүй гэж үзсэн бололтой. Одоо ч гэсэн уншмаар байгаа судалгааны ажлаа (paper гэдэг) татуулчих хүн хайн ийш тийш мессеж, имейл бичин цухалдан суугаа би уул нь хариултаа авмаар л байна.

Ийм илүү эрх ямба, тусгай хангамж л залуу хүмүүсийг ичих нүүрээ элгэндээ наан даргын суудал руу зүтгэхэд нь хүргэдэг. Ид хийж бүтээх, эрдэм шинжилгээний ажлаа туурвих, МУИС болон Монголынхоо нэрийг дэлхийд гаргах өгүүлэл бичих, дор хаяж бичих гэж оролдохын оронд захиргааны ажил хийхийг л туйлын зорилгоо болгосон хүмүүс олшрох нь урамшууллын тогтолцоо нь урвуугаараа эргэж, систем маань доголдсон байгаагийн тод илрэл.  

Амжилттай яваа гадны их сургуулиудыг харахад өөрөө залуудаа чамгүй их судалгааны ажил хийж байсан туршлагатай, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ойлгож, хүндэлдэг, гэхдээ одоо судалгааны ажлаасаа зодог тайлчихсан эрдэмтэд л захирал нь болж хэдэн мэргэжлийн менежерүүдийнхээ хамтаар удирдаж байдаг. Удирдах ч гэж дээ, нэгэнт их сургууль гэдэг нь эрдэм шинжилгээний байгууллага учир эрх мэдэл нь үндсэндээ салбарын профессоруудад очсон байдаг учир дэмжих, туслах үүргийг л хүлээдэг.


Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа УИХ-ын гишүүний гадаад томилолтын зардлыг МУИС төлсөн баримт бол авилгалын өөр нэг илрэл. Их сургуулийн авилгалыг судалдаг хүмүүс үүнийг академик жуулчлал гэдэг бөгөөд өндөр хөгжилтэй улсуудаас туршлага судална, хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэх мэт нэрийдлээр их сургуулийн удирдлагууд тойрон хүрээлэгчид, бараа бологчдын хамтаар дэлхийг тойрон зугаацахыг хэлдэг. 


Энэ их зардлын ихэнх хэсгийг  бид эргэн төлөх нөхцөлтэй, АХБ-ны “Монгол улсын дээд боловсролын  шинэчлэл“ нэртэй 20 гаруй сая ам. долларын зээлээр төлж байна. 6 жил гаруй хэрэгжсэн гэх энэ төслийн чамгүй хэсгийг академик жуулчлалын зорилгоор ашигласан бөгөөд сүүлийн тайлангуудыг нь харвал үндсэндээ хэрэглээд дуусчээ. Өнөөдөр Оюу Толгой болон бусад хөрөнгө оруулалтын дүнтэй харьцуулахад тийм ч их мөнгө биш юм шиг санагдаж болох ч Монгол улс бүтэн хоёр жилийн турш чармайгаад  ч цуглуулж чадахгүй байсан гадаадын хөрөнгө оруулалттай нь дүйцэх хэмжээний хөрөнгө билээ (1995, 1996 он).

Нийгмийн хамгийн ухамсартай байх ёстой бид өтөндөө баригдсан мал шиг өрөндөө баригдчихаад байгаа улсынхаа өрөн дээр ийнхүү өр нэмж явах нь үнэхээр харамсалтай. Хэрвээ үнэхээр л дарга нар маань туршлага судалмаар байгаа бол ядаж ганц удаа ч гэсэн эдгээр дэлхийн шилдэг гээд байгаа сургуулиудад нь ажиллаж, багшилж байсан МУИС-ийн багш нараасаа зөвлөгөө авчихмаар юм. Айлаас эрэхээр Авдраа ух гэдэг дээ.

Б.Эрдэнэбат 
МУИС-доктор,профессор 

 

 

 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404