Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах тухай бодлого нь халамж биш
2023/09/01

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр "Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээ"-ний тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ.

Тодруулбал багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааны хүрээнд шинэчилнэ.

Өнөөдрийг хүртэл Монголд бий болсон хуурамч дүнгийн тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно. 

Боловсролын багц хуулийг хүлээж авах ёслол буюу “Боловсролын шинэ сэргэлт” үндэсний зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой мэдэгдэл хийж, багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэрийг гаргасан. Энэ нь нийгэмд нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Засгийн газрын зүгээс боловсролын салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн хоёр жил ажилласан.

Өнгөрсөн жилээс сугалааны цэцэрлэгийн тогтолцоог бүрэн халсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад онцгой анхаарч бодлогын шийдвэрүүдийг гаргаж байна. 

Хүртээмжийн асуудлыг шийдсэн. Одоо боловсролын чанарын асуудал бий.

Чанартай боловсрол гэдэг бол чанартай багшийн асуудал.Иймд багшаа хэрхэн яаж бэлтгэх, ямар хүүхэд ирээдүйн багш болох, ямар хөтөлбөрөөр тэднийг бэлтгэх, багш бэлтгэх сургуулиуд ямар стандарт, шаардлага хангасан байх зэрэг тогтолцооны асуудлыг хөндөж байгаа" хэмээн ярилаа. 

Мөн тэрбээр "Багшийн цалин хөлс, нийгэм дэх нэр хүндийг яаж өргөх вэ гэдэг цогц бодлогын хүрээнд арга хэмжээ авч байна.

Багш болох хүүхдүүдийн дөрвөн жилийн сургалтын төлбөр чухал биш, 40 жил ажиллах багшийн ажлын үнэлэмж, цалин хөлс чухал гэх нийгмийн хандлага бий. 

Боловсролын салбар хэзээ ч халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах тухай бодлого нь халамжийн бодлого биш. Энэ бол боловсролын сэргэлт хөгжлийн бодлого, стратегийн түвшинд тооцоолж, төлөвлөн гаргасан шийдвэр.

Багшийг хөгжүүлэх, багшийн нийгмийн баталгааг сайжруулах, багшийг дэмжих гурван тулгуурт бодлогын зөвхөн нэгээхэн хэсэг ажлыг тасалж аваад улс төрийн зорилгоор, оноо цуглуулах хэлбэрээр байр сууриа илэрхийлж болохгүй.

Багшийн хомсдолын асуудал Монгол Улсад үүссэн, хамгийн ачаалалтай мэргэжил багш гэх шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд Монгол Улс өнөөдөр багшийн хомсдолд ороогүй" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404