“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гаргалаа
2023/09/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.

Түүхэн айлчлалыг угтан Монголбанк, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран гаргасан “Монгол-Итали” дурсгалын ялтсан зоосны нээлт Чингис хаан музейд болов.

Ромын Пап IV Инносент энх тайвныг хүсэн Монголын их хаан Гүюгт бичсэн захидлыг дипломат элч Плано де Карпини гардуулж байгааг зоосонд дүрсэлсэн байна.

Их хаанд бараалхаж байгаа энэ мөчийг Италийн зураач Жерардо Доттори зурсан бөгөөд 1949 онд Плано де Карпинигийн төрөлх нутаг Мажионэ хотын захиргааны зөвлөлийн танхимын хананд мөнхөлсөн байдаг.

Таван грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөн ялтсан зоос 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 150х65 мм хэмжээтэй юм.

Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта болон албаны бусад хүн оролцлоо.

Дурсгалын зоос нь тэмдэглэлт ой, онцгой үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгаатай бөгөөд нэрлэсэн үнэ, банкны бэлгэ тэмдгийг агуулдаг.

Техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан зоос юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404