УИХ-ын гишүүд Монголбанкны ерөнхийлөгчөөс авлига авсан уу
2018/10/17

Ноён долларын ханш өссөөр байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тэрээр ажлаа хийж чадахгүй байгаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр нэгэн ноцтой мэдээллийг дэлгэсэн тэрээр "Н.Баяртсайхан УИХ-ын гишүүдэд нөлөөлөх ажиллагаа хийж авлига өгч байна" гэв.  

Тэрээр "өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт Монгол банкнаас хүлээн авалт зохион байгуулсан. Эдийн засгийн байнгын хорооны тодорхой зарим гишүүд очиж болно. Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй. Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан. Тэр үед нь би “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлж байсан. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоохгүй байна. Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил. Үүний улмаас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс Монгол банкны Ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй. Ганц нэг хүн дуугарахаар Монгол банкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилогдсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж буйгийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжууд бүгд ашиг, сонирхлын зөрчилтэй батлагддаг болсон. Түүнийг засч, засруулах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байна. Тэр бүрт бид амжилтад хүрч чадахгүй байна" гэсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404