"Томуугийн ихэнх вирус хлорт нэгдэлд тэсвэргүй байдаг.
2020/10/08

Эрүүл мэндийн яамны өчигдрийн хэвлэлийн хуралд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан оролцож, зөвлөгөө мэдээлэл өглөө.

"Вакцин тариулснаар огтхон ч ханиад хүрдэггүй гэх ойлгодог нь буруу"

Тэрбээр “Томуу, томуу төст өвчин нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг халдвар юм.

Томуугийн халдварыг үүсгэгч вирусийг үүсгэгчийн онцлог, хэв шинжээс хамаараад эмнэл зүйн шинж тэмдэг нь харилцан адилгүй илэрдэг.

Тухайлбал, реновирусийн халдвараар өвчилсөн үед хамраас их нус гардаг бол томуугийн А хүрээний вирусээр өвдсөн үед маш өндөр халуурч, уушгины хатгалгаагаар хүндрэх магадлал их өндөртэй байдаг.

Иргэдэд анхааруулж хэлэхэд, томуу томуу төст өвчин нь агаар дуслын замаар дамждаг учраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Тухайлбал, томуугаас өвөрмөц болон үндсэн гэсэн аргаар урьдчилан сэргийлж болно.

Үндсэн урьдчилан сэргийлэлтэд: амны хаалт тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах, олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх дэглэм багтаж байна.

Мөн амьсгалын замын халдвараар өвчилсөн хүн гэртээ өөрийгөө тусгаарлах, халуун дулаан хоол хүнс  хэрэглэж, сайтар унтаж амран дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Томуугийн ихэнх вирус нь хлорт нэгдэлд тэсвэргүй байдаг учраас иргэд гэр орондоо цэвэрлэгээ хийхдээ хлор агуулсан халдваргүйжүүлэх уусмалыг хэрэглэх шаардлагатайг сануулж байна.

Харин өвөрмөц урьдчилан сэргийлэлт гэх ойлголтод томуугийн эсрэг вакцин хамаардаг. Хэрвээ хүүхдүүд ханиад томуугаар өвдөөгүй, сүүлийн сард ямар нэг вакцин хийлгээгүй байгаа үед вакциндаа хамрагдах шаардлагатай гэдгийг онцлоё.

Үүнд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, вакцин тариулснаар огтхон ч ханиад хүрэхгүй гэж иргэдийн ойлгодог нь буруу. Вакцин бол зөвхөн тухайн халдварын хүндрэлээс сэргийлж, эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг давуу талтай.

 "Ялангуяа антибиотикийг дур мэдэн хэрэглэх ёсгүй"

Мөн тэрбээр “Түүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдээ ханиад томуу хүрэхэд эмийн бодисыг эмчийн зааваргүйгээр дур мэдэн өгдөг нь маш буруу. Ялангуяа антибиотикийг дур мэдэн хэрэглэх ёсгүй.

Ингэсэн тохиолдолд тухайн хүүхдийн өвчин улам хүндрэх, ужиграх зэрэг дараагийн хүндрэл, эрсдэл бий болдог.

Хүүхэд бие организмын хувьд том хүнээс асар их ялгаатай учраас хүүхдэд сонгох эмийн бодит тун, эмийн бодисын савлагаанаас шалтгаалж олон янз байдаг. Түүнийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Тухайлбал, бид их мярайлаг, юмнаас харшилдаг хүүхдэд сиропон эмийн бодисыг хэрэглүүлэхээс аль болох татгалздаг. 

Тиймээс иргэд зөвхөн эмчийн зааврын дагуу эмийн бодисыг хэрэглэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй” хэмээн онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404