“ЭРҮҮЛ БИЕ-ЭРҮҮЛ НИЙГЭМ” АЯНЫ ХҮРЭЭНД “ХАМТДАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЖЭЭ
2020/10/01

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах, шударга ёсны үзэл санааг олон нийтэд төлөвшүүлэх, иргэдийн идэвх санаачилгыг идэвхжүүлэх, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Үнэгүй фитнесс” Төрийн бус байгууллагатай хамтран “Эрүүл бие-Эрүүл нийгэм” авлигын эсрэг соён гэгээрүүлэх аяныг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Амьдралын хэв маягаа өөрчилье" уриан дор 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хамтдаа өөрчилцгөөе” арга хэмжээг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулж, тус арга хэмжээнд нийт 300 гаруй иргэдийг хамрууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд 10 багийн 100 иргэнийг хүсэлтээр нь сонгож, авлигын эсрэг үзлийг төлөвшүүлэх, шударга ёс, зөв дадал зуршил, эерэг хандлагын талаар мэдлэг олгох 10 төрлийн буухиа тэмцээнийг зохион байгуулж, иргэдэд авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, авлигын эсрэг үйл ажиллагаан дахь иргэний оролцоо, төрийн үйлчилгээнд хяналт тавих боломжийн талаар ухуулан таниулав.

Тус арга хэмжээг нэгэн зорилготой иргэдийн бүлгийн дунд зохион байгуулсан нь иргэдийн оролцоо, арга хэмжээний үр дүн, ач холбогдол өндөр байхад эерэгээр нөлөөлсөн төдийгүй оролцогчдоос  Авлигатай тэмцэх газрын талаар бодитой мэдээ, мэдээллийг сонирхолтой, байдлаар олж авч, иргэд, олон нийтээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өргөн хүрээнд оролцох, хамтран ажиллах боломж байгааг ойлгосноо илэрхийлж байв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404