З.ДАШДАВАА КАЗАХСТАН УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
2020/09/15

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Бүгд Найрамдах Казахстан Улсын Авлигатай тэмцэх газрын дарга Алик Шпекбаевтай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтад хоёр байгууллагын хэлтэс, албадын дарга нар мөн оролцож, үйл ажиллагааныхаа талаар танилцуулан, харилцан ярилцлаа. Хоёр байгууллагын удирдлагууд 2019 оны 11 дүгээр сард Нурсултан хотод зохион байгуулагдсан Авлигын эсрэг олон улсын академийн хурлын үеэр анх уулзан, танилцаж байсан юм.

Казахстан Улсын Авлигатай тэмцэх газар нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бие даасан байгууллага болж, үүсгэн байгуулагдсан бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах үндсэн чиг үүрэгтэй.

Уулзалтын үеэр ноён Алик Шпекбаев Казахстан улсын Авлигатай тэмцэх газар нь байгуулагдаад удаагүй тул 13 дахь жилдээ амжилттай ажиллаж буй Монгол улсын АТГ-ын ололт, амжилт, туршлагаас суралцах, авч хэрэгжүүлэх зүйл олон байгааг онцлохын ялдамд  цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг дурьдан, цар тахлын хорио цээр тавигдахаар Нурсултан хотод айлчлахыг урилаа. Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа авлигатай тэмцэх, мөнгө угаах, хөрөнгө буцаах чиглэлээрх бүс нутгийн хэмжээн дэх хамтын ажиллагааны чухлыг онцлон, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиглэлээр өөрсдийн мэдлэг, хуримтлуулсан туршлагаас харамгүй хуваалцаж, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад баяртай байх болно гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404