Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
2020/06/30

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх дуудлага мэдээлэл өчигдөр 12:40 цагт Зоонозын өвчин судлалын төвд иржээ.

Тодруулбал, Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г... тарваган тахлаар өвчилсөн нь урьдчилсан шинжилгээгээр тодорхойлогджээ. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн, маргааш албан ёсны баталгаат хариу гарах аж.  Одоогийн байдлаар тус иргэн Ховд аймаг дахь БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулан БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Улмаар нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг ялган тодруулж, тусгаарлалтад аваад байна. 

Мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр нэгдүгээр зэргийн хавьтагч буюу БОЭТ-ийн эмч, мэргэжилтэн, гэр бүлийн гишүүн зэрэг 33 хүн байна. Харин хоёрдугаар зэргийн хавьтагч 99 иргэн байна. Нэгдүгээр зэргийн хавьтагчийг БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан. Хоёрдугаар зэргийн хавьтагчийг Дотрын тасагт тусгаарлажээ.

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг гаргаж байна.

Иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404