Шинэ Яармаг төвийн ажил бодитоор эхэллээ
2018/09/13

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэлийн төвийн замуудын түгжрэл, бөглөрлийг арилгах талаар үе үеийн хотын дарга нар толгойгоо гашилгасан ч төдийлөн үр дүнд хүрсэн нь бага.

Хотын захиргааг Баянхошуу тийш нүүлгэхээр хотын өмнөх мэр санаа тавьсан боловч шав тавьснаас хэтрээгүй.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн засаг, захиргааг Яармаг тийш нүүлгэх санал дэвшүүлснээс хойш тийм их хугацаа өнгөрөөгүй ч үйл ажиллагаа нь бодитоор эхэлж, өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд явц байдлыг нь танилцууллаа.

Яармагийг сонгосон нь ч учиртай. Хөшигийн хөндийн шинэ Нисэх буудлыг түшиглэн сүндэрлэх Аэросити, Майдар дагуул хот гээд шинэ суурьшлын бүсүүд бүгд нийслэлийн өмнө зүгт орших тул Яармагийн дэнж тэр бүгдийг холбох гол зангилаа болох юм. Үүнээс гадна Яармагийн гүүр зэрэг цогц бүтээн байгуулалт энэ орчинд өрнөж байна.

Хотын дарга ч амласнаа биелүүлж Яармагт гурван корпус бүхий Нийслэлийн засаг захиргааны байр баригдах ажил бодит ажил болж шуудрав. Уг барилгын ажилд үндэсний компаниуд оролцож байгаа бөгөөд Монголдоо барилгын салбарт тэргүүлэх таван компанийн нэг болох “Темпланд” гүйцэтгэж байна. Ирэх 2019 оны эхээр ашиглалтад орох барилгын ажил эрчтэй явж байгааг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр газар дээр нь үзэж танилцсан юм.

Уг барилгын нэг корпуст Нийслэлийн ИТХ, Тамгын газар, хоёр дахь корпуст урлаг, хурлын үйл ажиллагаа явуулах конвейшн төв, гурав дахьд нь нийслэлийн харьяа 33 газар, агентлаг байрлахаар төлөвлөжээ. Мөн ногоон байгууламж, талбайтай байх юм.

Өнөөдөр Нийслэлийн харьяа байгууллагуудаас  350 нэр төрлийн ажил, үйлчилгээ авахаар өдөр тутам 10 мянган иргэн хотын төвийг зорьдог. Нийслэлийн засаг, захиргаа Яармаг тийш нүүснээр энэ бүх төвлөрөл арилна гэсэн үг.

Өнөөдөр Нийслэлийн ЗДТГ, ИТХ байрлаж буй барилгуудыг яах вэ гэсэн асуулт үүний зэрэгцээ гарч ирнэ. Хангарьд ордон болон Улаанбаатар банкны барилгыг дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөжээ.

Харин Монголын анхны зочид буудлын зориулалттай барилга болох, 1957 онд нээгдэж, “Алтай” зочид буудал байрлаж байсан хотын захиргааны хуучин байрыг гадаад, дотоод арга хэмжээ явуулдаг төв болгохоор төлөвлөсөн байна.

Яармагт зөвхөн хотын засаг, захиргаа төвлөрөхөөс гадна шинэ хот төлөвлөлтийг бодитоор харуулах, монгол инженер, барилгачид юу бүтээдгийг үзүүлэх талбар болгох гэж байна.  

Тэнд хэн дуртай нь юу хүссэнээ хийж, явган хүний зам, авто машины зогсоолгүй, орц гарцгүй мухар гудамж  үүсгэхгүй. Эртнээс нийслэлчүүд улсын наадмаа хийж байсан Яармагийн саруул дэнжийг хот төлөвлөлтийн цогц шийдлээр хотын жинхэнэ шинэ төв болгох эхлэл ийнхүү тавигдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин103.9.90.50
АМЖИЛТ ХҮСЬЕ.
2018/09/13
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404