Путин Монголоор дамжуулах хийн хоолойн төслийг эхлүүлэх үүрэг өгчээ
2020/03/28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” корпорацын тэргүүн Алексей Миллерт Хятадын чиглэлд хийн хоолой барих “Сибирийн хүч-2” төслийг эхлүүлэх үүрэг өгчээ. Шинэ хийн хоолой Хятад улсад Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч болох боломж олгох юм. Өдгөө Герман улс Оросын хийн хамгийн том хэрэглэгч билээ.

“Газпром”-ын тэргүүн байгалийн хийн асар их нөөц байгаа бөгөөд Оросын зах зээл дэх нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой тухай В.Путинд мэдээлжээ. Оросын эдийн засгийг байгалийн хийгээр найдвартай хангахаас гадна экспортлох боломжтой. Одоогийн байдлаар “Газпром” корпорацын гадаад зах зээлд нийлүүлж буй хийн хэмжээ буураад байгаа ч цар тахал намжсаны дараа эргэн сэргэнэ гэж Алексей Миллер онцолжээ.

“Сибирийн хүч-2” төслийн хүрээнд жилд 50 тэрбум куб метр хийг Монголын газар нутгаар дамжуулан Хятадын баруун бүсийн зах зээлд нийлүүлэх боломжтой юм.

Оросын төрийн тэргүүн төслийн хөрөнгө оруулалтын өмнөх үе шат, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн хайгуулын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна.

ОХУ 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн жилд 38 тэрбум куб метр хийх дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулан Хятад улсад хий нийлүүлж байна.

 

Эх сурвалж: Zindaa.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404