Ажлын байранд согтууруулах ундаа хадгалбал шууд ажлаас нь хална
2018/08/22

ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т шалгалт явуулсан. Шалгалтаар төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах төрлийн 115 бүтээгдэхүүн, 11 ширхэг шатамхай /салют, бензин/ гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрчээ.

Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар цаашид архи, дарсны зүйлсийг төрийн албан байгууллагуудад нэвтрүүлэхгүй байх, иргэдэд хүнд суртал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож байх жишгийг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцжээ. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ЗГХЭГ-аас яам, агентлаг, НЗДТГ-т байранд шалгалт хийлээ. Үргэлжлүүлэн ТТХГ-аас тусгай хамгаалалттай газрын байруудад шалгалт хийсэн. Улмаар байнгын хяналт шалгалт хийж, хариуцлагыг чангатгах, эргэж тайлагнаж байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг батлан гаргалаа. УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд НҮБ, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ "Иргэн төвтэй мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх нь" гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 47 журмыг шинэчлэн батална.

Ингэснээр үнэхээр мэдлэг чадвартай хүн шалгалтаа өгөөд төрийн албанд ордог, ажлынхаа үр дүнгээр тушаал дэвшинэ. Ажил төрөл хөөцөлдөөд явахад татвар, даатгал, цагдаа, хуулийнхан, эмнэлгийнхэн гээд төрийн байгууллагын дунд шатныхан хэгжүүн, их зантай, ярвагар, дуугарч ядсан, дарга харахаараа бөхийж, иргэдийг харахаараа дээрэлхдэг, танил тал, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө үйлчилсэн, авлига хээх хахуулийн цэг болсон гэх ард иргэдийн шүүмжлэлийг бид хүлээж авна. Тиймээс бид ардчилсан төрийг бий болгоно. Ардчилсан төр гэдэг бол ард түмнээс сонгогдсон төр юм. Төрийн алба гэдэг бол ард түмэндээ үйлчилдэг гарц нь байх ёстой.

Албан тушаалын хэрэгсэл болгодог энэ явдлыг нь таслан зогсоох нь төрийн албаны гол зорилго. Цаашдаа үзлэг шалгалтуудыг сар болгон гэнэтийн байдлаар хийж байхыг холбогдох албан тушаалтнуудад өгч байгаа. Иргэдийн гомдол мэдээллийг тэр дор нь шалгаж хариу өгч байхыг үүрэгдсэн. Төрийн байгууллагын байр ажлын байранд согтууруулах төрлийн бүтээгдэхүүн, элдэв бодис оруулахыг хатуу хориглож байна. Хэрвээ оруулж, хадгалсан байвал шууд ажлаас нь хална. Төрийн ордонд хэнбугай ч архи дарс нэвтрүүлэхийг оруулахыг, хэрэглэхийг хатуу хориглож байна. Төрийн албаны мэдээллийг цахимжуулахаар ажиллаж байна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404