С.Чинзориг: Өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна
2020/02/21

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2012-2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж эхэллээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл энэ хэрэгт сайд С.Чинзориг холбоотой байтал буруутай хүнийг нь шалгахгүй, буруугүй хүний шалгаж байна гэсэн гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацах. Бямбабаатар нэртэй твиттер, фэйсбүүк хаягнаас өчигдөр “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэж хувь хүний нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацлаа. Хэдийгээр би тухай бүрт нь үнэн зөв мэдээллийг өгч байсан ч зогсохгүй даамжирч буй учраас цэг тавих шаардлагатай гэж үзэн, өөрийгөө би шалгуулахаар АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын алба хашсан хугацаанд би Нийгмийн даатгалын сангийн орлогыг эрсдэлд оруулсан, эрх ашгийн сонирхол үүсгэсэн, бусдад давуу байдал олгосон, эрх мэдлээ урвуулан ашигласан  үйлдэл гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байна. Хэвлэлээр дамжуулж үнэн бодитой мэдээлэл өгч байгаа ч гүтгэлэг зогсохгүй байна. Хүний нэр төрийг юман чинээ боддоггүй хүмүүстэй маргалдаж сууснаас өөрийгөө шалгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Фэйсбүүк, твиттерээр намайг яллагдагчаар татахаар боллоо гэсэн мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан учраас Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргаж байна. Яллагдагчаар татсан эсэх асуудлаар хуулийн боломж байгаа бол хариу өгөөч ээ . Яллагдагчаар татсан асуудал байхгүй, үнэн мөнийг тогтоож өгөөч ээ гэдгийг энэхүү өргөдөлдөө тусгасан гэлээ.

Түүнчлэн бусдын нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан учраас энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг мөн Цагдаагийн ерөнхий газарт гаргаж буй ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404