Ж.Эрдэнэбат: Т.Аюурсайхан гишүүн намайг өөрөө өргөдлөө өг гэсэн
2020/02/20

Чингэлтэй дүүргийн Засаг даргыг хууль бусаар огцруулах саналыг дүүргийн ИТХ-ын нэр бүхий 18 гишүүн өргөн барьсан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  “Хурлын төлөөлөгч нараас Засаг даргыг огцруулах тухай саналыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд өргөн барьсан байна.  Энэ асуудлыг хуулийн зохицуулалтаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх ёстой байдаг. Манай дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид  асуудлыг хэлэлцээд,  хурлын товыг гуравдугаар сарын 16-нд зарласан байсан.  Гэвч огцруулах санал өргөн барьсан  МАН-ын 18 гишүүн бүлгийн хуралдаан хийснийгээ ИТХ-ын хурал хийсэн мэт асуудалд хандаж,  нийслэл рүү хүргүүлсэн байна. Миний хувьд хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх ямарч үндэслэл, огцрох шалтгаан байхгүй.

Харин гол шалтгааныг дүүргийн намын хорооны даргаар дүрэм, журам зөрчиж сонгогдсон Т.Аюурсайхан гэж хүний үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Т.Аюурсайхан гишүүн намын даргаар өөрийгөө сонгуулснаас хойш сарын дараа Тамгын газрын дарга, зарим хороодын дарга нарыг үүрэгт ажлаас нь   чөлөөл гэсэн шаардлага тавьсан. Харин би төрийн албаны хууль тогтоомжийг  зөрчинө  гэдэг тайлбарыг өгдөг байсан. Гэтэл намайг “Өгсөн үүрэг биелүүлсэнгүй,  чамтай хамтарч ажиллаж чадахгүй. Чи өөрөө өргөдлөө өг” гэсэн.  Удахгүй сонгууль болно. Сонгуулиар тойргийн хороог ахалдаг. Энэ утгаараа сонгуульд өөрөө сонгогдохын тулд төрийн албан тушаалтнуудыг сонирхож, өөрийн хүмүүсийг томилох үйл ажиллагаа  гэж харж байна” хэмээлээ.

Харин Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед засаг, захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулж,   албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэж байгаа нь тун харамсалтай юм. Дүүргийн ИТХ-ын даргад нэр бүхий 16 гишүүн Засаг даргыг огцруулах санал барьсан. ИТХ-ын тэргүүлэгч долоон гишүүн байдаг. Бид ярилцаад гуравдугаар сарын 16-нд ИТХ-ыг хуралдуулах товыг гаргасан. Гэтэл МАН-ын 18 гишүүн  энэ шийдвэрийг хүлээхгүйгээр энэ  сарын 17-нд хуралдаж, дүүргийн ИТХ-ын даргыг огцруулсан гэдэг албан бус шийдвэр, шаардлагуудыг  өчигдөрөөс хойш тавих болсон.  

ИТХ-ын даргын албан өрөөнд дайрч орцгоож, урьд шөнө гэхэд л хэдэн төлөөлөгчид  өрөөнд хонож, албан тасалгааны эд хөрөнгийг буулгаж,  үүдэнд нь овоолсон байсан. Мөн намайг Засаг даргыг огцруулах хурлыг гурван сарын 16-нд биш нааш нь тат.  Өнөө, маргаашгүй хуралдахаар болгож,  Засаг даргыг огцруул гэдэг шаардлага тавиад байгаа. Дүүргийн ИТХ хуралдаагүй байхад зөвхөн МАН-ын бүлгийн 18 гишүүн гарын үсэг зурчихаад, чамайг огцруулсан, тамгаа өгч, өөрөөгөө сууллаж өгөх шаардлагыг өнөөдөр тавьж байна. Бид Хууль хяналтын байгууллагад өчигдрөөс хойш бүх шатанд нь албан тоот өгч, цагдаа дуудаж ажиллаж байна” хэмээлээ.

Эх сурвалж: Zaluu.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404