Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ
2020/02/15

АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхин гарсан юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд түүнээс хэд, хэдэн удаа гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан ч хуулийнхны дуудсан хугацаанд нь очоогүй байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг хүргүүлжээ.

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” гэлээ.

 

Эх сурвалж: Medee.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404