Яармагийн гүүрийн ажил 11 сард дуусна
2018/08/13

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажил хийгдэж гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээж хөдөлгөөн нэвтрүүлж эхэлсэн. Уг төслийг Хятад улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.

Гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх юм.

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг  хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй  гэрэлтүүлэг, ус зайлуулах  төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ  гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд ярьж байна.  Энэ гүүр ашиглалтанд орсоноор хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачааалалыг даах юм.

Хагас жарны дараа  Улаанбаатар хотын гүүрүүд шинэчлэгдэж байна

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрний барилгын ажлын талбайд очлоо. Уг гүүрийг шинэчлэн барьснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болох юм.

Төслийн нарийвчилсан зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан байна. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” компани шалгарч, төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэгч “Ган гүүр” ХХК-ийн ерөнхий инженер Н.Лхагвадорж “Сонсголонгийн гүүрийн барилгын ажил хэвийн явагдаж байна. Барилгын ажил 5 сард эхэлсэн. Үндэсний их баяр наадмаас хойш бороо элбэгтэй байсан учир гол үерлэж ажил бага зэрэг удааширсан. Одоогоор барилгын ажил 30 хувьтай байгаа ч ирэх 11 сар хүртэл ажиллана. Гүүрийг ирэх 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад өгөх ёстой. Энэ оны 11 сар хүртэл дам нуруу, бетон цутгалтыг хийж дуусгаад 1 сард мөс хөлдсөн үед угсралтын ажил эхэлнэ. Ирэх 7 сард баяр наадмаас өмнө шинэ гүүрийг нээгээд 11 сар хүртэл хугацаанд хуучин гүүрийг сэргээн засах ажлыг хийнэ” гэлээ.  

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод 2016-2020 онд 4 том гүүрийн барилгын  шинэчлэл бүтээн байгуулалтыг хийж ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна.  Эхний гүүр энэ оны 11 сард ашиглалтад орно. Нийслэл хот захиалагчийн хувьд өдөр тутам барилгын ажилд хяналт тавьж, мөн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Миний хувьд зам гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай гурав дах удаагаа танилцаж байна. Бүх ажил графикийн дагуу явагдаж байна. Замын цагдаагийн гүүрний барилгын ажил хоцрогдолтой байсан. Учир нь хотын төвд учир олон сувагжилт тухайлбал дулаан, цэвэр,  холбоо мэдээлэл, цахилгааны сувагчлалууд мөн газар чөлөөлөлт гээд төлөвлөгдөөгүй ажлууд гарч ирсэн. Гэхдээ гүйцэтгэгч компани ажлын хоцрогдолдоо нөхөж ажиллаж байна. Ихэнх гүүрүүд 1960-аад онд баригдсан учир Туул гол дээрх  гүүрүүдийг шинэчлэх шаардлагатай юм. Хүндрэлтэй асуудал нь энэ ажлын санхүүжилтийг сангийн яам төсвийн хязгаарлалтай холбоотой бага тавьсан. Гүйцэтгэгч компаниуд өөрсдийн бололцоог ашиглан ажиллаж байна. Нийслэл хотын зүгээс бид дотоод зохицуулалт хийж бусад зээл тусламжийн хөрөнгийг шилжүүлэх замаар шийдвэрлэж байна. Гүүр барих гэдэг зүгээр барилга байгууламжийн асуудал биш доогуур нь олон сувагчлал, дэд бүтцийн шугам шилжүүлэх зэрэг олон асуудал байдаг. Улаанбаатар хотод 2020 он гэхэд томоохон гүүрүүд бүгд шинэчлэгдэнэ. Нийслэл хотын төв гүүрүүд учраас өнгө үзэмжтэй байх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байна. Эдгээр гүүрүүд ашиглалтад орвол Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил үлдэнэ. Гүүрийн засвар шинэчлэлтийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа монгол компаниуд туршлага хуримтлуулж Зайсангийн гүүрийг бид монгол компанийн, монгол инженерүүдтэй хамтран шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Орчин үеийн өнгө загвартай хийхээр төлөвлөж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404