​Улстөрчдийн рейтингийг У.Хүрэлсүх тэргүүлж байна
2020/02/10

Судалгааны “Мек” төв ээлжит судалгаагаа танилцуулжээ. Судалгааг 2019 оны 12 дугаар сарын 21-23-нд зөвхөн Улаанбаатар хотын 780 иргэний дунд хийсэн байна. Цаг хугацааг нь аваад үзэхээр энд тэтгэврийн зээлийн тэглэлт, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх зэрэг дуулиант асуудал, түүний эерэг сөрөг нөлөөлөл багтаагүй гэсэн үг. Санамсаргүй түүврийн аргаар хийсэн уг судалгааг аль нэгэн намын бус, зөвхөн өөрийн санхүүжилтээр хийснээ “Мек” танилцуулгадаа дурджээ. 

Түүврийн хамгийн сонирхолтой хэсэг нь “Үйл ажиллагаа нь таалагддаг ба таалагддаггүй улстөрчдийн рейтингийн жагсаалт” юм. Энэ нь энгийнээр улстөрчдийн эерэг болон сөрөг буюу анти рейтингийн эрэмбэ юм. Жагсаалтыг өмнөх саруудын үзүүлэлттэй нь харьцуулан гаргажээ.

Судалгаанаас харвал “Үйл ажиллагаа нь тааллагддаг” улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, харин “Үйл ажиллагаа нь таалагддаггүй” улстөрчдийг АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүлжээ. Задалж үзвэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эерэг рейтинг нь энэ оны наймудгаар сараас хойш тогтмол өсөлттэй явж, 12 дугаар сард 33 хувьд хүрсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын эерэг рейтинг энэ оны 11 дүгээр сарынхаас гурван пунктээр буурчээ. Эерэг рейтингээ хамгийн ихээр алдсан улстөрчдийн жагсаалтад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас багтана. Тэрээр цагтаа буюу энэ оны наймдугаар сард 29 хувийн эерэг рейтингтэй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ард явсан бол буурсаар 2019 оны төгсгөлд 20 хувь болж унажээ. Есөн хувийн бууралттай. Түүний араас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дарга Г.Занданшатар нар орсон байна. Тэд тус бүр дөрвөн хувиар эерэг рейтингээ алдаж.

Судалгааг нийслэлийн иргэдийн дунд явуулсан гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эерэг рейтинг өсөхөд хотын утаа илт багасч, нүүрсний үнэр байхгүй болсон нь хамгийн ихээр нөлөөлсөн байж таарна. Мөн энэхүү судалгааг авч байх цаг хугацаатай Монгол Улсын  Ерөнхий сайдын 10 жилийн дараа  Москвад хийсэн айлчлал давхацсан нь бас эерэгээр нөлөөлсөн байх.  Харин 19 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчилсөн явдал, түүний манлайлал нь УИХ-ын дарга Г.Занданшатарт огт наалдаагүй нь судалгаагаанын хамгийн сонирхолтой хэсэг. УИХ-аа удирдахаас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгийн их ярьсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар юм. Гэвч түүний эерэг тал рейтингийн судалгаан дээр гарч ирсэнгүй нь бас гайхмаар л үзүүлэлт болжээ. Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын тухайд энэ хугацаанд рейтингээ өсгөх хэмжээний бодлого яриагүй, улстөрч хийгээгүй. Эерэг рейтинг нь унасан гол шалтгаан нь тэдний  буюу “Шударга таван гишүүн”-ний тэмцлийн үетэй  харьцуулсан өнөөдрийнх нь үг, үйлдлийн зөрүү л болов уу. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ байнгын хорооны дарга ч болохгүй гэж мэдэгдэж байснаа сайд болчихсон, Ж.Батзандан өөр нам байгуулаад явчихсан нь жилийн тухайн үеийн дэмжигчдийнхээ итгэлийг ямар нэгэн хэмжээгээр алдсан байх магадлалтай.  

 

 

Харин анти рейтингийн хувьд энэ судалгаанд багтсан улстөрчдийн хувьд ерөнхийдөө бүгд бууралттай харагдана. Жагсаалтыг тэргүүлсэн АН-ын дарга С.Эрдэнэ гэхэд өмнөх наймдугаар сараа хойш анти рейтинг нь буурсаар 11 дүгээр сард 18 хувь болж, 12 дугаар сард дахин гурван пунктээр өсчээ. Түүний араас Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж орсон байна. Түүний анти рейтинг нь 11 дүгээр сард таван хувиар өсөөд 12 дугаар сард хоёр хувиар буурчээ. Энэхүү таван хувийн анти рейтингийн өсөлтөд нэгэн үед өөрийнх нь дэд сайд явсан Б.Энхбаярын “Улаан бал”-ын ярилцлага, иргэн Энхсайханы тэмцэл, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон “хөөн хэлэлцэх хугацаа”-ны хулгай зэрэг нь үнэтэй хувь нэмэр оруулсан нь тодорхой. Түүврийн энэ хэсгээс харвал анти рейтинг өндөртэй улстөрчид “чимээгүй суух, алга болох” нь хамгийн сайн арга бололтой. Цагтаа анти рейтингээрээ хамгийн өндөр буюу 28 хувь хүрч байсан УИХ-ын дарга асан М.Энхболдын анти рейтинг ерөнхийдөө нэг жилийн дотор 18 хувиар буурчээ. 28 хувиас 10 хувь болтлоо гэсэн үг. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн анти рейтинг найман сарын дотор 23 хувиас  11 хувь болтлоо буурсан байна. Гэхдээ 12 дугаар сард анти рейтинг нь нэг хувиар өссөн нь Ц.Элбэгдоржийн үүсгэсэн гэх хонгилын шинэ шинэ мэдээ, мөн түүнийг АТГ-аас дуудаад ирэхгүй байна гэх сошиал мэдээнүүдийн хаялга болов уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404