МАН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээс мөнгө авахгүй
2020/01/09

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Сонгуулийн асуудлаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 -МАН сонгуульд нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавьж байгаа бол?

 -МАН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээс санхүүгийн дэнчин болгож мөнгө авахгүй. Өмнө нь хандив болгож тодорхой хэмжээний мөнгө авдаг байсан. Тэр хүн нь нэр дэвших эрхээ авдаг ойлголт байсан. Энэ удаа тийм зүйл болохгүй. Нэр дэвшихээр горилогчид МАН-аас явуулж байгаа суурь судалгааны ажилд дэмжиж оролцоно. Нэр дэвшигчээс мөнгө авахгүй болсноор намын санхүүжилтийг ил болгож байна. 

 Мөн нэр дэвшихийг горилж байгаа эрхмүүд ард иргэд, аж ахуйн нэгжээс хандив авч болохгүй. Хуульд сонгуулиар улс төрийн намд иргэн 5 сая, аж ахуйн нэгж 20 хүртэл сая төгрөгийн хандив өгч болохоор  байгаа. Сонгуульд ялсны дараагаар хандив өргөсөн хэмжээгээр албан тушаалтан томилдог гэсэн ойлголтыг халж байгаа. Бид мэргэшсэн, хариуцлагатай боловсон хүчнийг салбар салбарт нь томилох юм. 

 Өнөөдөр тойрог бүр дээр нэр дэвших боломжит хүмүүсийн судалгаа хийнэ. Одоогийн УИХ-ын гишүүд, шинээр нэр дэвших хүмүүсийн талаар судалгаа явуулна. Нэр дэвшигчдийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг анхаарна. 

 -Ёс зүйг яаж хэмжих вэ?

 -Ёс зүйн хэм хэмжээг намын удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ. ЖДҮ, "60 тэрбум", авлига албан тушаалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404