Ханхүү Харри гэргийн хамт хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзжээ
1 сарын өмнө

Их Британийн хунтайж Харри болон түүний гэргий, Америкийн жүжигчин Меган Маркл нар хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргаснаа “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

“Олон сарын турш ярилцаж, зөвлөлдсөний эцэст бид энэ жил өөрчлөлт хийж, энэхүү бүтцэд /хатан хааны гэр бүл/ шинэ үүрэг гүйцэтгэхээр шийдлээ. Бид хатан хааны гэр бүлийн гишүүдийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даан ажиллахаар төлөвлөж байна. Гэхдээ бид эрхэмсэг хатан хааныг хүндэлж, дэмжсээр байх болно” гэж Сассексийн гүн болон гүнгийн авхай мэдэгдсэн байна.

 

Тэд мөн найман сартай хүүгийн хамт Их Британи болон Хойд Америкийн аль алинд нь амьдрахаар төлөвлөж байгаагаа хэлжээ. Өнгөрсөн Зул сарын баяр болон шинэ  жилийн баярын амралтаа тэд хатан хааны гэр бүлтэй бус Канадад тэмдэглэн өнгөрүүлсэн юм. “Хоёр тивд амьдрах нь хатан хааны уламжлалыг хүндэтгэн хүүгээ өсгөх, мөн гэр бүлийнхээ хувийн орон зайг өргөжүүлж, амьдралынхаа шинэ үе шатанд анхаарлаа хандуулах боломж олгох бөгөөд үүний нэг хэсэг нь буяны сан байгуулах юм” гэж Харри, Меган нар мэдэгджээ.

 

Тэд олны анхаарлын төвд байнга байх нь хэцүү байгаа тухайгаа өмнө нь ярьж байсан юм.

 

Ач хүү Харри, түүний гэргий Меган Маркл нар Букингемийн Ордонтой урьдчилан зөвлөлдөхгүйгээр хааны гэр бүлийн ахмад гишүүдийн үүргээс татгалзаж, Хойд Америкт амьдрахаа мэдэгдсэнд Их Британийн хатан хаан II Елизавета сэтгэл маш дундуур байгаа ажээ. Энэ тухай “The Times” сонинд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Монцамэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404