Сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлт 80 хувьтай байна
2018/08/07

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль барина

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 7 сургууль барихаар төлөвлөөд байгаа. Буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай өнөөдөр хотын дарга танилцав. Сургуулийн барилгыг Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд барьж байгаа юм.

Барилгын ажлыг “CHINA AID” компани гүйцэтгэж байгаа юм. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж байгаа аж.

“Сургуулийн барилгыг ирэх оны есдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Суурийн ажлаа хийгээд явж байна. Барилгын ажил 20 хувьтай байна. Хөрөнгө мөнгөний асуудал гарахгүй бол хугацаа алдахгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой” хэмээн туслан гүйцэтгэгч компанийн талбайн инженер Д.Батдорж ярив.

Сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлт 80 хувьтай байна

Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлттэй газар дээр нь очиж танилцсан юм. МУ-ын 2018 оны Төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан, 39 байршилд сургууль цэцэрлэг төлөвлөн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Чингэлтэй дүүргийн тус хороонд баригдах бага, сургууль цэцэрлэгийн цогцолборын газар нь 20 нэгж талбар /9000м2/ юм. 

Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа “Нийслэлийн Газрын албанаас 39 байршилд газар чөлөөлөлт хийж байна. Үүнээс 23 байршилд захирамж нь гарсан. 16 байршлыг 100 хувь чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажил 80 хувьтай явж байна. 14-р хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар 100 хувь чөлөөлөгдсөн” гэв.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2017 оноос эхлэн он дамжин хэрэгжиж байгаа юм. Энэ хичээлийн шинэ жилээр бүрэн ашиглалтад орох юм байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404