146 дугаар цэцэрлэгийн барилга ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ
2018/08/07

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн 146 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.  Тус цэцэрлэгийн хуучин барилгыг 2014 онд буулгасан хэдий ч эргэж бариагүй 2017 он хүрсэн байна. Шинэ хичээлийн жилээс өмнө ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хэлж байв. 146 дугаар цэцэрлэг нь 10 анги, 280 хүүхдийн ортой байх юм.

Хотын даргаар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн 30 гаруй жил нам даралтын зуухаар халаалтаа шийдэж ирсэн бөгөөд энэ жил төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбогдохоор болжээ. Шугам сүлжээний ажлыг гүйцэтгэгч компанийн инженер Б.Жүгдэр “Гэрээнд заасан хугацаа болох аравдугаар сарын 1-нд ажлаа дуусгаж сургуулийн байрыг дулаанд холбоно. Зөвхөн 60 дугаар сургууль бус 118 дугаар сургуулийг мөн холбож, хоёр уурын зуухыг буулгана” хэмээв.

 Тус сургуульд 1200 сурагч суралцаж 100 гаруй багш ажилчид ажилладаг. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд 85 хүүхэд суралцдаг аж. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах зориулалттай орчин бүрдүүлсэн байна. Энэ үеэр хотын дарга холбогдох албаны хүмүүс зарим үүрэг даалгавар өгөв.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчныг сайжруулах чиглэлээр нийслэлээс төсөв батлаад тохижилтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Мөн улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дулааны төвлөрсөн шугамд холбох ажил эхлээд байна. Сургуулийн захиргаа, багш ажилчид талархалтай хандаж байна” хэмээн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн захирал Д.Ариунаа ярив.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын төлөвлөгөөнд алслагдсан дүүргүүдийн уурын зуухыг буулгахаар төлөвлөсөн. Энэ жил 10 гаруй уурын зуухыг буулгана. 60, 118 дугаар сургуулийг дулааны төвлөрсөн шугамд холбосноор нэг уурын зуухыг буулгах юм. Мөн нийслэлээс хөрөнгө мөнгөний бололцоогоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахаар сургууль, цэцэрлэгүүдийн орох, гарах гарц, ариун цэврийн өрөөнөөс эхлэн тоноглож байна” гэв. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404