Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм хүйтэн болно
2019/12/28

Энэ амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм хүйтэн

ЦУОШГ-ын ерөнхий инженер А.Алтаншагай “Өдөртөө төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна.

Ялангуяа өглөө, оройдоо их хүйтрэх төлөвтэй байна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус байх бол Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 21-26 градус хүйтэн байна.

Мөн зам даваа хаах нөхцөл бүрдэж байгааг онцгой анхааруулж байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна” гэлээ.

 

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл “Цаг агаарын мэдээг орон нутгийн хэмжээнд нарийвчлан тодруулж иргэд, олон нийтэд шуурхай хүргэх ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Багц мессеж ” үйлчилгээг ашиглан зохион байгуулах, сум, багийн Засаг дарга нарт тусгайлан үүрэг чиглэл өгч, малчдад малаа ойрхон бэлчээрлүүлэхийг анхааруулах хэрэгтэй. Салхи шуурганы үеэр иргэд мал хариулж явж байгаад шуурганд уруудах, төөрөх, осгох, тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замдаа саатах тохиолдол гардаг. Мөн тээврийн хэрэгсэл нь эвдэрч хүний амь насанд нь хүрдэг. Өнгөрсөн тавдугаар сард ихэнх нутгаар, есдүгээр сард зарим газраар болсон хүчтэй салхины улмаас 9 хүн нас барсан. Шалтгаан нь малчид болон мотоцикл, машинаар зорчиж яваад эвдэрч, шатахуун нь дуусч осгож амь насаа алдсан тохиолдол гарч байна. Энэ дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд иргэдэд хандаж, сэрэмжлүүлгийг явуулах шаардлагатай. Мөн хөгжлийн бэрхшээл, өндөр настан, бага насны хүүхдүүд болон эмзэг бүлгийн хүмүүст онцгой анхааруулга сайн өгөх хэрэгтэй.

 Түүнчлэн хүчтэй салхины улмаас үзэгдэх орчин хязгаарлагддаг. Тийм ялангуяа хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд анхаарлаа хандуулж шаардлагатай бол цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Түүнчлэн Зам тээвэр хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалаар батлагдсан "Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх" журамд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагууд нь орон нутгийн хэмжээний замыг хааж, чиглэлийг өөрчлөх арга хэмжээ авч болно.

Хэрвээ зам хаах шийдвэр гаргасан тохиолдолд Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд заавал урьдчилж мэдэгдэх шаардлагатай. Мөн зам, даваа хаагдсан үед шуурхай ажлын хэсгийн хүн хүчийг сайн шалгахыг үүрэг болгож байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404