600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн Алтан донор Д.Бум-Эрдэнийг “Хангарди” одонгоор шагналаа
2019/12/28

НИТХ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

“Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 байнгын донор иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 220 удаа цусаа бэлэглэсэн Алтан донор иргэн Д.Бум-Эрдэнэд Нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонг Хотын Захирагч С.Амарсайхан гардуулж, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Алтан донор Д.Бум-Эрдэнийн хувьд 2001 онд хоёр ихэр охин нь төрөөд цус сэлбэх шаардлагатай болж анх цусаа өгснөөс хойш 20-иод жил тогтмол цусаа өгч хэвшсэн байна. Өнөөдрийн байдлаар тэрбээр 220 удаа цусаа өгч 600 гаруй хүний алтан амийг аварчээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 318 цусны хүндэт донор байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол цусаа өгдөг байнгын донорууд нэмэгдсэн байна. Судалгаагаар 10 өвчтөн тутмын гурав нь цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог болохыг тогтоожээ. Тиймээс байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах урамшуулах чиглэлд Хотын Захирагч анхааран ажиллахаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404