Жуулчдыг шагшуулж, өв соёл түүхээ сурталчилсан Даншиг наадам
2018/08/06

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Нийслэлчүүд 2015 оноос эхлэн Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  тэмдэглэж эхэлсэн билээ.  Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт  энэ сарын 4,5-нд ийнхүү Хүй долоон худагт наадацгаав. Зуу гаруй жилийн өмнө их хүрээнд тэмдэглэдэг байсан даншиг наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулсан. Энэ удаагийн наадмаар уламжлал ёсоор лам нар ном хаялцан, мэтгэлцэж, балин тосон урлалын тэмцээн зохиогдож, цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо. 

256 хүчит бөх барилдан, их насны морьд уралдаж, жороо морьдын үзүүлбэр болж, үндэсний шагайн харваа, лам нарын тэмцээн, урлагийн тоглолт, аялал жуулчлал, шашны эд зүйлс, Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн тавигдсан.  

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байсан байна. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн ажээ. Дашрамд хэлэхэд Даншиг наадам Үндэсний их баяр наадмын нээлтээс илүү сонирхолтой, олон жуулчдыг татсан үзүүлбэрүүдтэй, өв соёл түүхээ илүү сайн сурталчилж чадсан сайхан наадам болж өнгөрлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404