Эрдэнэс ачсан хөлгийн тухай мэдээлэл худлаа байжээ
2018/08/03

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын "Шинил групп" хэмээх компани Орос-Японы дайны үеийн Дмитрий Донской хөлгийн живсэн байрлалыг олсноо зарлаж байв.

1905 онд живсэн уг хөлөгт $130 тэрбумын үнэтэй алт ачсан гэх мэдээллийг мөн цацсан юм. Гэвч тус компани нь хувьцааны үнээ өсгөхийн тулд хуурамч мэдээлэл тараасан хэрэгт сэжиглэгдэж, Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах байгууллага мөрдөж эхэлсэн байна.

Үүнээс гадна Сингапурт бүртгэлтэй, мөн адил "Шинил групп" нэртэй компанийн гаргасан крипто валютын борлуулалтыг нэмэгдүүлэх зорилго цаана нь нуугдаж байсан гэж сэжиглэсний улмаас Интерполд ханджээ.

Сингапурын компанийн үүсгэн байгуулагч Рю гэгч нь 2014 онд бас ийм луйврын хэрэгт орооцолдсоныхоо дараа Өмнөд Солонгосоос зугтсан этгээд юм байна.

Тиймээс түүнийг баривчлуулахын тулд ийнхүү Интерполоос дэмжлэг хүссэн ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын "Шинил групп"-ийн гүйцэтгэх захирал Чой Ён Сеок худал, батлагдаагүй мэдээлэл тараасандаа уучлал гуйсан юм. Тэр өөрийн компанийг Сингапурын ижил нэртэй компанитай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ. Гэхдээ эдгээр компанийн үүсгэн байгуулагчид нь ах дүүс юм байна.

2003 онд мөн Оросын Дмитрий Донской хөлгийг олсон тухай мэдээ тарааж, хувьцааны үнээ өсгөх зорилготой луйврын хэрэг Өмнөд Солонгост гарч байсан гэнэ. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Японтой дайтахаар явж байсан Донской хөлөгт ийм хэмжээний алт тээвэрлэх шалтгаан байхгүй гэнэ. Мөн үнэт зүйлсийг тээвэрлэх бол Япон тэнгисээс өөр аюулгүй зам байсныг ч баталж байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Today

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404