Цахим орчныг хэрхэн ашиглах талаарх хуулийн заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
2019/12/11

Монгол Улс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар анх нэр дэвшигчид сошиал сүлжээнд эерэг, сөрөг сурталчилгаа явуулж эхэлсэн гэдэг. Тэгвэл 2016, 2017 оны УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийн сүлжээнд улс төрийн нөлөөлөл асар өндөр болсныг тод харуулсан гэж болно. Ялангуяа “Facebook”, “Twitter” зэрэг нь улс төрийн сонгуулийн компанит ажилд голлох байр суурийг эзэлж байгаа. Сонгуулийн үеэр  нэр, зүсээ нуусан хуурамч хаягуудаас өрсөлдөгчийнхөө нэр хүнд, хувийн амьдралд нь халдах зэрэг ёс зүйгүй байдлаар нийгмийн сүлжээг ашиглах нь элбэг.

Дараагийн шинэ парламентын гишүүдээ сонгох сонгууль зургаахан сарын дараа болохтой холбогдуулан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг хэрхэн ашиглах талаарх хуулийн заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

                                  48 ДУГААР ЗҮЙЛ. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЦАХИМ ОРЧИН АШИГЛАХ

48.1. Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно.

48.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас,

48.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас,

48.1.3.бусад цахим хуудас

48.2.Нэр дэвшигч нь энэ хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

48.3.Цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл хийгдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

48.4 Энэ хуулийн 48.2-т  заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.

48.5.Энэ хуулийн 48.1.3-т заасан цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриа болон энэ хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан цахим хуудасны хаяг зэргийг сурталчилж болно.

48.6.Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны материалыг  цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

48.7.Энэ хуулийн 33.6, 48.2-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо дараах арга хэмжээг нэн даруй авна,

48.7.1.энэ хуулийн 48.1.1, 48.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх  хугацаагаар хаах,

48.7.2 энэ хуулийн 48.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах эсвэл түр хязгаарлах арга хэмжээ авах.

48.8. Интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухай мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

48.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг Цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран баталж, мөрдүүлнэ.

48.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 40.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404