СЗХ-ны дарга С.Даваасүрэнг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2019/11/05

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг саарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд өнөөдөр энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах, мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг оруулж байна" гэв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монголбанкны Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг солих гэж байгаа бол Н.Баяртсайхантай дүйцэхүйц хэмжээний хүнийг оруулж ирээрэй.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Банкны салбарын эрх зүйн орчинг өөрчилж чадлаа. Би бардамнаж байгаа юм биш. Эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрхзүйн орчноо өөрчилж чадаагүй юм шүү. Намайг ажлаа авахад гадаад валютын албан нөөц нэг тэрбум орчим доллар байсан энэ өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн. Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Өмнөх удаад саарал жагсаалтаас гарахад Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ төв банк ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс болоод саарал жагсаалт гэхээр төв банкны үүрэг юм шиг ойлгож эхэлсэн. Цаашдаа мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулна гэвэл тогтолцооны хувьд ажиллах ёстой.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Энэ Монгол Улсын ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Би хариуцлагаа хүлээнэ, зугтаж алга болохгүй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна. Улс төр, гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйл байна. Энэ бол ганц байгууллагын асуудал биш, тогтолцооны асуудал.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ-ын дарга хууль бусаар огцруулдаг байдлаа зогсоох хэрэгтэй. Хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ хуулийн дагуу, ялгаваргүй асуудлыг шийдэх ёстой. Асуудалд ингэж хандаж болохгүй. Саарал жагсаалтаа яръя. Нэг зүйл ярихаар өөр юм яриад замхаруулдгаа болих хэрэгтэй. Энэ маягаар явбал бид юун саарал, хар жагсаалтад орно. Хууль бус санал хураалтад би оролцохгүй.

УИХ-ын гишүүн Н.Баттөмөр: Саарал жагсаалтад орсон шалтгааныг хаалттай ярилцъя гэсэн ярихгүй байна. Монголын төр зүтгэсэндээ халтай гэж үнэн үг юм байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж ууцыг нь хугалж байна. Монголбанкнаас болоод саарал жагсаалтад орсон юм бол УИХ-ын гишүүд бүгд хариуцлага хүлээх ёстой. Мөнгөний бодлогыг нь бид баталж өгсөн шүү дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Би ч бас ярих зүйлийнхээ тавхан хувийг ярьж байна. ФАТФ чинь бүгдийг харж байдаг юм билээ. Шинэчлэлт өөрчлөлт шаардлагатай. Би харин ч тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Харин одоогийн нөхцөл хариуцлага хүлээлгэх шаардлага бий болгож байна, хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404