М.Билэгт: 20-30 жилийн хугацаатайгаар эмнэлгийн барилгаа түрээсэлье
2019/10/28

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нэг жилд дунджаар 500 гаруй сая ам.доллар гадаадын орнууд руу эмчилгээний зардал болж урсдаг. Иймээс Монголдоо өндөр хөгжилтэй орны адил эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Эх орондоо хөгжингүй орны жишигт нийцсэн оношлогоо эмчилгээнд хамрагдъя гэдэг зорилгыг л тавьсан. Даанч 2014 оноос баахан “шантаажчид” надаас мөнгө нэхэж, шүүхэд өгсөн. Ингээд 2016 он хүртэл хоёр жил шүүхээр явсны эцэст намайг хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон. 2017 оноос эмнэлгийн барилгатай холбоотой захиргааны холбогдох зөвшөөрлүүдээ сэргээгээд, хөрөнгө оруулалтын санхүүжилтээ банкуудаас авах болж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн яаманд тус эмнэлгийн хүчин чадлыг сайжруулах зорилгоор “Энэрмед”-ийн барилгыг авч өгөөч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Тэгээд “Манай ажлыг өргөтгөхөд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд та тусламж үзүүлээч ээ гэдэг хүсэлтийг надад мөн тавьсан. Үүнд би татгалзахгүй гэдгээ хэлсэн.

Би төр, засагтай зууралдмааргүй байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд би одоо ч баярладаг. “Билэгт гишүүний эмнэлгийн барилгыг улс худалдаж авъя” гэсэн санал тавьснаараа хардлагад өртөж, ажлаасаа “хусагдчихвий” гэж айхгүйгээр хавдрын өвчиндөө шаналсан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх гэж зоригтой санал тавьсанд нь бахархаж явдаг. Гэхдээ өнгөрсөн хоёр жилээс харахад хэрвээ би төрд худалдахын бол насан туршдаа хардлага, сэрдлэг дунд амьдрах юм байна гэж бодоод өөрийн хувийн өмч, эмнэлгийн барилгаа төрд худалдахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн.

Хавдрын өвчиндөө шаналсан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх гэсэн Засгийн газрын саналыг хүндэтгэн үзээд “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар нэгэн гарц хайна” гэдгээ намын бүлгийн хурлаар мэдэгдсэн. Тиймээс 20-30 жилийн хугацаатайгаар эмнэлгийн барилгаа түрээсэлье гэдэг саналаа өгсөн. Гэхдээ энэ бол миний чин зорилго биш. Би төр, засагтай зууралдмааргүй байна. Эрүүл мэндийн яаманд “түрээслэхгүй бол надад түрээслэхгүй гэдэг бичгээ өг” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Хэрвээ түрээслэхгүй гэдэг албан бичгээ өгчихвөл надад амар байна. Тийм бичиг өгөхгүй байгаа болохоор төр засгийнхаа санал, шийдвэрийг хүндэтгээд хүлээж байна.

УИХ-ын гишүүн хувийн өмчтэй байж болохгүй гэдэг хууль байхгүй. Миний байгуулсан хувийн өмч ард иргэдэд нэн хэрэгцээтэй хувийн өмч” гэсэн юм.

“Энэрмед” ХХК-ийн шинэ эмнэлгийн барилга нь нийт 11 мянган метр квадрат талбайтай бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Эмнэлгийн барилга нь нийт 20.0 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр босож, орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн стандартыг хангажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404