ОУПХ-ноос С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг зөвлөжээ
2019/10/11

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /10.11/ хуралдаан үргэлжилж байна.  Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд,  Ж.Батзандан нарын хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэхлээ.  Тэрээр “Гишүүд хийсэн мэдээллийнхээ талаар тайлбар хийх нь зүйтэй байх гэж бодлоо. ОУПХ-ноос ирүүлсэн албан бичгийг есдүгээр сарын 6-нд 12 хүн авсан байх ёстой. Ж.Батзандангийн цахим шууданд ирчихсэн байгаа. Та цахим шуудангаа шалгаж бай. Энэ албан бичгийг орчуулах ажил есдүгээр сарын 7-ноос ГХЯ-нд эхэлсэн. Гэтэл ГХЯ-ны хэлстийн даргыг халж байж дарагдсан байсан бичиг баримтыг ил болголоо гэж худал ярихаа боль. Л.Болд гишүүн зургаан удаа парламентад сонгогдсон, Гадаад харилцааны сайд хийж байсан хүн ийм байдлаар асуудалд ханддагаа боль.  ОУПХ дүгнэлтийнхээ төгсгөлд С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг зөвлөсөн байна. Монгол Улс саарал жагсаалтад орох гэж байгаа эгзэгтэй үед ОУПХ-ны дүгнэлтийг барьж худал мэдээлэл тарааж болохгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар,  Л.Болд нар энэ сарын 10-нд мэдээлэл хийхдээ “Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ.  С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” гэсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404