Төр 250 сая ам.доллараар барих орон сууц барих уу
2019/09/12

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уншиж танилцуулав. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрт 160 сая ам.доллар зарцуулах энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ. Үүний хүрээнд агаарын чанарыг сайжруулах чиглэлд ямар, ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ. Мөн эрүүл мэндийн салбарын чиглэлд дөрвөн төслийг нэмэлт санхүүжүүлэхэд Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох юм байна. Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг сонгосон үндэслэл нь юу вэ.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрт 160 сая ам.доллар зарцуулах гэдэг нь төсвийн дэмжлэг. Төсөвт тусгагдсан арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдах мөнгө. Төсөл бол биш. ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдуулан бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС, Солонгосын Засгийн газар, Жайка гэсэн нийт таван байгууллагын дөрвөөс нь төсвийн дэмжлэг авч, ОУВС-гийнх төлбөрийн тэнцлийг дэмжих зорилттой. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг баригдаж дуусч байгаа. Ажлын явцад шинээр нэмэлт ажлууд гарч ирсэн учраас шаардлагатай нэмэлт хөрөнгийг оруулахаар тусгасан.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийг баталсан. Өнгөрсөн жил байнгын хороогоор хэлэлцүүлж аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх чиглэлээр авсан зээлийн ихэнхийг нь Хөвсгөлд тусгасан байсан. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгосонтой холбоотойгоор мөн хөрөнгө оруулалт хийсэн. Үүн дотроос Хэрлэнгийн хөдөө аралд 2 сая ам.доллар зарцуулахаар болсон. Энэ санхүүжилт одоо юу болсон бэ.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

Хөвсгөл, Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлийн төсөл батлагдаж зээлийн гэрээ нь хийгдсэн. Худалдан авалт зэрэг бусад ажлууд нь зохион байгуулагдаж байгаа. Хөвсгөл, Хэнтий аймагт нийтдээ 38 сая ам.доллар зарцуулагдана.

Үүгээр гишүүд асуулт асууж, дууссан учир дээрх төслийг хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь "Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

Дасан зохицох чадвар бүхий хот гэдгийг юу гэж ойлгох вэ. Хоёрдугаарт, 10 мянган айлын орон сууц барина гэж ойлголоо. Хаана барих юм, газар, дэд бүтцийн асуудлууд нь шийдэгдсэн юм уу. ТОСК, НОСК барих юм уу эсвэл хувийн хэвшлээр бариулах юм уу, цаашлаад хувийн хэвшлийн барьсан орон сууцыг худалдан авах юм уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАЙХАН:

Дасан зохицох хот гэдэг нь бидний зорьж буй үндсэн зорилт. Байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгдэх эрчим хүчнээс эхлээд дэд бүтцийнхээ асуудлуудыг шийдвэрлэсэн нийгмийн үйлчилгээнүүд нь бүрдсэн, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор "Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл гурван үе шаттай. Эхнийх нь Баянхошуу дэд төв 5.1 га талбайд хэрэгжинэ. Дараагийнх нь Сэлбэ дэд төв буюу Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар дэд бүтэц зэрэг нь шийдэгдсэн 6.4 га талбайд 1143 орон сууц баригдана. Хоёр дахь  үе шат 40 га газарт 2,3 дахь үе шат явагдана.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ:

Төр бүх зүйлд оролцоод байх нь хэр зохимжтой юм бэ. Орон сууцжуулах асуудалд төр дэд бүтцүүдийг нь шийдчихвэл хувийн компанийн байрны үнэ буурах магадлалтай. Ногоон сангаас авч байгаа 250 сая ам.долларын санхүүжилт бол маш их мөнгө. Энэ санхүүжилтийг нийслэлийн иргэдэд хамгийн үр ашигтайгаар, хамгийн хямд үнэтэйгээр яаж дэд бүтцийг нь шийдвэрлэх вэ гэдэгт хотын зүгээс анхаарах нь зөв. Сая Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд маш их бүртгүүллээ. Эндээс харахад Түрээсийн орон сууцны зах зээл өндөр байгаа нь илт. Надад хүртэл иргэдээс өргөдлүүд ирсэн. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй Энхмандах хэлмэгдэж 10 гаруй жил шоронд суухад нь "Уучлаарай чи хэлмэгдсэн байна" гэж хэлээд гаргасан байгаа юм. Энэ мэтчилэн эмзэг бүлгийн шалгуурт нь таарахуйц тийм улсуудыг яагаад Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж чадахгүй байгаа юм бэ. Түрээсийн орон сууцны шалгуурыг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Ногоон сангаас авч байгаа 250 сая ам.доллараар барих орон сууцуудыг түрээсийн хэлбэрээр  барих боломж бий юу.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулж, "Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлэхийг дэмжлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404