“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Цаашид 18 нас хүртэлх хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгохоор олгох асуудлыг шийдвэрлэнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлж тоон мэдээлэл бэлтгэснийг хүргэж байна.
Тогтоол батлагдсанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болж байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 онд 684.0 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг улсын төсвийн Халамжийн санд тусгагдан батлагдсан. Харин 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар боллоо.
Нийгмийн халамжийн тухай хуульд заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэн 80 хувийн хамрах хүрээг тогтоох юм. Дээрх 80 хувьд хамрагдах, 2018 онд шинээр төрсөн хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтээ гаргасны үндсэн дээр мөнгөн тэтгэмжээ авна. Цаашид хамрах хүрээг 80 хувиас бууруулахгүйгээр тооцож хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох эх үүсвэрийг 2019 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусгахаар боллоо.
Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, зөвхөн хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, цаашлаад хүүхэд бүрд олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгажээ.