О.Алтантуул: Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, халдварт өвчингүй багш сурагчдад хичээл заах ёстой.
2019/09/04

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан ямар нэгэн халдварт өвчингүй багш сурагчдад хичээл заах ёстой байдаг. Гэтэл ЕБС-ийн багш, ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ажилд хойрго хандсан зөрчил шалгалтаар нийтлэг илэрчээ. НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч О.Алтантуулаас энэ талаар тодрууллаа.

-Багш нар яагаад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байна вэ?

-Хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө тухайн сургуулийн багш ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл бие эрүүл мэндийн хувьд эрүүл, халдварт өвчингүй, олон хүүхэдтэй харилцах бололцоотой гэдгээ баталгаажуулах үүрэгтэй. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсний дараа сургуулиуд багш нараа эрүүл мэндийн үзлэгт оруулах явдал гардаг. Үүнээс болж өвчтэй хүмүүс багшаар ажиллах эрсдэл үүсдэг.

-Өнгөрсөн хичээлийн жилд сүрьеэгээр өвчилсөн багш хүүхдүүдэд хичээл заасан асуудал гарч, олон нийтийг бухимдуулж байсан. Багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хэн хариуцдаг юм бэ?

-15-р сургууль дээр ийм тохиолдол гарсан. Тухайн сургуулийн захирал багш, ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах ёстой байдаг. Гэвч ихэнх сургуулийн багш, ажилчид одоо л эрүүл мэндийн үзлэгт орж эхэлж байна. Энэ бол сургуулийн удирдлага ажилдаа хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл юм.

-Сурагчдын эрүүл мэндтэй холбоотой дараагийн асуудал бол үдийн цай байдаг. Сурагчдын үдийн цайг бэлтгэдэг 30 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалж байгаа гэсэн. Ямар зөрчил гарсан юм бэ?

-НМХГ “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг жилд 2-3 удаа шалгадаг. Ингээд шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /НӨХГ/-т хүргүүлдэг. Саяхан хийсэн шалгалтаар 5 аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах бичгийг НӨХГ-т явуулсан. Энэ жил Нийслэлийн өмчийн харилцааны газар 30 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалж, шинээр тендер зарлаж байгаа юм билээ.

-“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдээс ямар зөрчил илэрсэн юм бэ?

-70 орчим сургуульд сая шалгалт хийсэн. Нийтлэг гарсан зөрчил бол зориулалтын бус байранд үдийн цайг бэлтгэж байна. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох асуудал яригдаж байгаа. Тэгэхээр шинээр баригдаж байгаа сургуулиудыг зориулалтын цайны газартай байхаар төлөвлөх шаардлагатай байна. Нөгөө талаас “Үдийн цай” хөтөлбөрт шалгарсан аж ахуйн нэгжүүд хүүхдийн хоол бэлтгэж байна гэдгээ мэддэггүй. Нийтийн хоол бэлтгэж буй мэтээр ханддаг. Ийм газрууд тендерт шалгарснаас зөрчил гардаг. Өнгөрсөн онд 107-р сургууль дээр гэдэсний халдварт өвчин гарч байсан. Шалтгаан нь цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийснээс болсон байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404