Б.ЧОЙЖИЛСҮРЭН: БИ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН БИШ, ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРСЭН
2019/08/28

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, сүүлийн үед өөртэй нь холбоотой яригдаж буй асуудлын талаар байр сууриа илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцлаа. Тус нэвтрүүлгийн үеэр түүний хэлсэн үгнээс онцлон хүргэе. “Хурд” группыг НӨАТ–аас 36 тэрбумын буцаалт авсан гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байдаг. Эдгээр болон бусад асуудалд баримттайгаар дараах тайлбаруудыг өгсөнийг онцлон хүргэе.

БИ ЖДҮ АВЧ БАЙГААГААГҮЙ, ЯМАР НЭГ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨС МӨНГӨ АВААГҮЙ

  • Төрийн албыг ашиглаад хувьдаа болон хамаарал бүхий хүмүүст давуу байдал үүсгэж байгаагүй. Ямар нэг төсөл хөтөлбөрт хамрагдаагүй. ЖДҮ аваагүй, хууль бусаар нөөцийг нь тогтоосон орд алга.
  • Би олигарх биш. Би улстөрөөс төрсөн тэрбумтан биш. Хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрсэн.
  • “Сауд Гоби Коал Транс” компанийн нийт нөөц нь А,Б,С гэж ярьдаг. Зөвхөн нүүрс олборлох зориулалт бүхий нийт 100 гаруй сая тоннын нөөцтэй. Гэхдийн уурхайн контор бий болгоод эдийн засгийн өртөг өндөр байвал 30-50 тонн нүүрс олборлох боломжтой.
  • Намайг Худалдаа Хөгжлийн банктай хамааралтай гэж ойлгох нь өрөөсгөл. Бидний хооронд эр хүмүүсийн тохироо л байсан. Зээлээ төлсөн хойноо 50 хувиа буцаагаад ав. Гэхдээ одоо хүртэл зээлээ би төлөөгүй байна. Компанийг шилжүүлж байх үед 16 сая ам.доллар орчим зээлтэй байсан.

ГУРАВДУГААР КУРСТ БАЙХДАА КОМПАНИ БАЙГУУЛЖ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН

  • Би 1988 онд 10 дугаар ангиа төгсөөд ОХУ-д суралцахаар явсан. Тухайн үед манай үеийнхэн ганзагын наймаа хийдэг байсныг хүн бүхэн мэднэ. Тэр жишгийн дагуу 3 дугаар курст байхдаа компани байгуулж, сургууль төгссөнөөс хойш ОХУ-д 6 жил бизнес хийж бусад орнуудаар ч явдаг байлаа. 2009 онд ОХУ-д байгуулсан хоёр бизнесээ зарсан. Учир нь 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдоод төрийн албанд ажиллаад ирэхээр бизнестээ зарцуулах цаг хомс, анхаарал суларсан тул ашгаа өгөх нь багассан юм. Ингээд 2009 онд компаниа зарж, хөрөнгийн эх үүсвэртэй болсноор Монголд ирээд “Сауд Гоби Коал Транс”, ”Сауд Гоби Блак” гэсэн хоёр компанийг байгуулсан. Тухайн үед Монголын нийгэмд уул уурхайн салбар тэсрэлт болж байлаа. Улмаар Гурван тэс суманд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эс Жи Эс” компаниас авсан юм.
  • Би 2014 оны зунаас уг ордыг шилжүүлэхээр төлөвлөсөн. Учир нь би улстөрд байгаа тул уул уурхайн орд эрсдэлд орж магадгүй гэсэн байдлаар ярилцаж, 2014-2016 хооронд хэлэлцээр үргэлжилсэн юм. Тухайн үед гадаадын хоёр компани, дотоодын хэдэн залуучууд байсан. Миний хувьд тухайн үед дотоодын компанид шилжүүлж өгсөн. Ингээд энэ компани 100 хувь миний эзэмшлээс гарсан.

"САУД ГОБИ КОАЛ ТРАНС” КОМПАНИ 2016 ОНЫ ДОЛДУГААР САРААС НАДАД ХАМААРАЛГҮЙ БОЛСОН

  • “Сауд Гоби Коал Транс” компани надтай хамааралтай байсан. 2016 оны долдугаар сараас хамааралгүй болсон.
  • Ерөнхий сайд 2018 оны 6 дугаар сард намайг дуудаж уулзсан юм. Тэр үед Ерөнхий сайд ”Өмнөгөвь аймгийн Гурван тэс суманд чамтай холбоотой хэл ам гараад байна. Улстөрч хүний хувьд сайн зүйл дагуулахгүй. Чамаар дамжуулаад намд ч сайн зүйл авчрахгүй. Яригдаад байгаа уурхайгаа ашиглахгүй байж болохгүй юм уу” гэж хэлсэн. Нэгэнт 2016 онд тус компанийг шилжлүүлээд өгсөн, 100 хувь эзэмшихээ больсон гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн.
  • Ордыг худалдаж авсан залуучуудаас 40 тэрбумын авлагатай. Тэдэнд би эхний ээлжинд банкны зээлээ төл, хөрөнгө оруулалтаа ол, магадгүй 45 жилийн дараа ашигтай ажиллаж чадвал миний мөнгийг буцааж өгөөрэй гэсэн нөхцөлтэй зарсан.
  • Энэ ордыг шилжүүлэхэд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Тийм шаардлага ч байхгүй.

Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСНЫ ХЭРГИЙН ҮНЭН МӨНИЙГ ТОГТООЖ ӨГӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ ГАРГАСАН

  • Т.Лхагвасүмбэрэл агсны үхэлтэй намайг болон надтай хамааралтай хүмүүсийг сүүлийн гурван жил буруутгаж байгаа. Тиймээс Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна. УИХын гишүүний хувьд бус иргэний хувиар хүсэлт гаргаж энэхүү хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, шалгаж өгнө үү гэсэн хүсэлт өгч байна. Би энэ хэрэгт холбоогүй. Хэрвээ миний бие уг хэрэгт холбоотой бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн.

“ХУРД” ГРУПП НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС 36 ТЭРБУМЫГ АВААГҮЙ, 18-ЫГ АВСАН. ЭНЭ БОЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ОГТ БИШ

  • “Хурд” групп НӨАТын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан юм биш л дээ. 18 төгрөг авсан. Тодруулбал, 20142016 оны хооронд Монгол Улсын эдийн засаг хямралтай байлаа. Тэр тусмаа барилгын салбар илүү хямралд өртсөн. Татварын байцаагч нар 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл “Хурд” групптэй холбоотой НӨАТ-ын илүү төлөлтийг шалгахад 7.2 тэрбум төгрөгийн төлөлттэй байсан. 2014-2016 оны 12 дугаар сарын 31-н хүртэл буюу 3 жилийн НӨАТ-ын илүү төлөлтөө баталгаажуулж, НӨАТ-ын тухай хуулиар илүү төлөлтийн актыг Татварын Ерөнхий газарт, Татварын Ерөнхий газраас Сангийн яам руу явуулдаг. Илүү төлсөн бол буцааж авдаг. Дутуу бол нэмж төлдөг хуультай. Тэгэхээр “Хурд” групп 2014-2016 оны хооронд 320 тэрбум орчим төгрөгийн барилгын борлуулалт хийсэн. Тухайн үед барьсан барилга нь бага зарагдаад байсан учир дотоодын аж ахуй нэгжүүдээс 484 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Тэгэхээр 15.2 тэрбум төгрөгийн зөрүү гарна. Өмнө нь байсан 7,1 тэрбум төгрөгийг нэмэхээр 22.3 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг тухайн үеийн татварын байцаагч нар шалгаж, баталгаажуулсан байдаг. Үүнээс 18 тэрбум төгрөгийг нь буцааж авах хүсэлт гаргаад 8 тэрбумаар, 10 тэрбумаар буюу хоёр удаагийн үйлдлээр буцаан авсан. Өөрөөр хэлбэл 2014-2016 оны хооронд илүү төлсөн татвараа урьдчилаад улсаас буцааж авсан гэсэн үг. Уг асуудлаар хууль зөрчсөн зүйл байхгүй.

“ХУРД” ГРУПП ЖИЛДЭЭ УЛСЫН ТӨСӨВТ 30 ТЭРБУМЫН ТАТВАР ТӨЛДӨГ

  • Миний үүсгэн байгуулсан “Хурд” групп 3 мянга гаруй хүнийг цалинжуулж, Улсын төсөвт жилд дунджаар 30 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг. Компанийн цалингийн сан нь сард 6 тэрбум байдаг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404