Үндэсний сур харваа 16 шинэ цолтон нэмлээ
2018/07/12

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд 580 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорин шилдэг харваачид тодорлоо.  Улсын цол зэрэгтэй 240 харваач оролцсон энэ жилийн сурын харваанаас  дахин 16 шинэ цолтон төржээ.

Харваачид нийт 40 сум тавьснаас эрэгтэй, эмэгтэй шилдэг таван харваач тодорсон байна. Эрэгтэйчүүдээс Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг 40 сумнаас 37 онож, Монгол улсын мэргэн цолны болзол хангасан бол эмэгтэйчүүдээс Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа 40 сумнаас 37 онож, Монгол улсын даян мэргэн цолны болзол хангалаа. Д.Норжмаа арваад жилийн өмнө улсын их баяр наадамд түрүүлж байснаас гадна дөрвөн ч удаа дэд байранд орж байсан байна.

Сурын эрэгтэй харваанд,Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер, Хорлоогийн Цогбаяр 35 онож, Монгол улсын гарамгай харваач цол, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, спортын мастер Нармандахын Алтансүх 35 оноогоор Монгол Улсын гоц харваач цол хүртсэн бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар Жем” багийн харваач, Монгол улсын спортын мастер Нармандахын Алтантулга 35 оноогоор, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” компаний харваач, Монгол улсын мэргэн Хасагын Болдбаатар 35 оноогоор эхний байруудад шалгарсан байна. 

Харин эмэгтэй харваанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Мэргэн зэв” клубын харваач Монгол улсын мэргэн Гийнаагийн Батзаяа – 36 оноогоор, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Мондэ багийн харваач, Монгол улсын гарамгай харваач Чагнаадоржын Гандаваа 33 оноогоор, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүүхээ мэргэн” клубын харваач, спортын мастер Ганболдын Энхмандах – 33 оноогоор,  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Энхбатын Сайханчимэг – 32 оноогоор тус тус төрийн их баяр наадмын шилдэг харваачдаар шалгарчээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404