Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна
2019/08/15

Ази, Номхон далайн бүс нутагт дунд зайн тусгалтай пуужин байрлуулах асуудлыг холбоотнуудтайгаа хэлэлцэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлд хяналт тавих болон олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч дарга Андрей Томпсон мягмар гарагт мэдэгджээ.

Түүний хэлснээр, дээр дурдсан Америкийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулах эсэхийг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчид шийднэ. “Энэ асуудлаар шийдвэр гаргах нь бүс нутгийн орнуудын эрх баригчдын бүрэн эрхийн асуудал юм. Энэхүү бүс нутагтай холбоотой аливаа шийдвэрийг бид холбоотнуудтайгаа зөвшилцсөний эцэст гаргах бөгөөд энэ нь АНУ дангаар шийдэх асуудал биш” гэж Андрей Томпсон мэдэгдсэнийг “Associated Press” агентлаг уламжилсан байна.

Томпсон мөн Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ албан ёсоор гарсныг тус улсын түнш улсууд болон холбоотнууд “нааштайгаар хүлээж авсан” гэдгийг мэдэгджээ. Түүний хэлснээр, зэвсэглэлд хяналт тавих асуудлаар шинэ гэрээ байгуулах хэлэлцээнд БНХАУ болон ОХУ АНУ-тай хамт оролцоно гэж Вашингтон найдаж байна. “Хэлэлцээний үйл явцад нэгдэхийг бид Хятад улсад уриалж байна” гэж тэрбээр хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео долдугаар сард “Fox News” телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, дунд зайн тусгалтай шинэ пуужингуудыг Азид байрлуулж магадгүйг үгүйсгээгүй байна. Ийм пуужингуудыг нутаг дэвсгэрт нь байрлуулж магадгүй орнуудын тоонд Япон, БНСУ болон Австрали улс орж байгаа аж. Хэрэв Азид пуужин байрлуулбал Бээжин тогтоон барих хариу арга хэмжээ авна гэж БНХАУ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404