Ж.Оюунтунгалаг: Би хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй
2019/07/01

Бүрэн эрх нь түдгэлзээд байгаа шүүгч Ж.Оюунтунгалаг цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хориод хоногийн өмнө би Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр томилогдсон байсан. Лхагва гаригт Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дотор миний нэр орсон.

Пүрэв гаригт би ажлаа хүлээлгэж өгөх юм байна гэж ойлгосон. Зарлиг гардуулж өгөөгүй байсан. Гэхдээ би Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж, би хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна гээд бичгээ бэлтгэж байтал АТГ аас ярьсан, “Уулзах хэрэгтэй байна” гэсэн. Гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж очсон. Гэрт нэгжлэг явуулсан. Прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг явуулсан. ажлын цаг дуустал нэгжлэг явуулсан. Тав дахь өдөр би хүсэлтүүдээ өгч чадаагүй.

АТГ -ын нэгжлэг хийсэн комиссорт гэхдээ бичгээ өгсөн. Комиссаруудаас АТГ т очиж, тайлбар өгөх хэрэгтэй байх гэсэн. Хууль хяналтын байгууллагыг хүндэтгээд очсон. Дүүгийнхээ машинд суугаад явахад комиссар хамт яваад гэрчийн мэдүүлэг өгсөн. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн асуудлаар мэдүүлэг авах үед л энэ асуудалтай холбож байгааг мэдсэн.

2017 онд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн. Даргалагч шүүгчээр оролцсон.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгаж байцаахыг хориглосон. Гэхдээ би итгэж байна, Монголын төрд. Энэ хэргийг яаж шийдсэн бэ гэдгээр шалгаж байцаагаагүй байх. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авсан хэргээр түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгосон.

Миний хувьд 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж орж байсан. ОХУ ын ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт орж тэнцээд суралцсан. Төгсч ирээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилд сонгон шалгаруулалтад тэнцээд орж байсан. Сургуульд, ажилд орохдоо би арын хаалга, танил тал ашиглаж байгаагүй, ийм зүйлд холбогдсондоо гайхаж байна.

2012 онд Нийслэлийн Шүүхэд орон тоо гарсан байсан, шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед ШЕЗ 14 гишүүнтэй ажиллаж байсан.Энэ үеэс би Нийслэлийн шүүхийн иргэний танхимын шүүгчээр ажиллаж эхэлсэн. 2012-2019 оны хооронд шүүгчээр ажиллаж байхдаа хүмүүстэй хэлхээ холбоонд орж байгаагүй.

Монгол Улсын шүүх хууль хяналтын байгууллагад хээл хахууль үүсгэгдсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэгдсэн гэж үзэж байнаа бол шийдвэрлэх нь зөв. Гэхдээ ингэж шийдвэрлэж болохгүй.

Улс орнууд дийлдэхээ байсан авлига хээл хахуулийн сүлжээг зайлуулахын тулд иргэн нь мэдүүлээд түүнийг хариуцлагаас чөлөөлдөг хуультай. Ерөнхийлөгч, УИХ -ын дарга, Ерөнхий сайд гуравт хууль санаачлах эрх бий. Авлига хээл хахуультайгаа тэмцэх гэж байгаа бол ийм гарц гаргалгаагаа гаргаач ээ.

Одоогоор би чөлөөлөгдөөгүй байна. Шүүгчийн хувьд бол хардах эрхгүй. Энэ хэвлэлийн бага хурлыг хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өөрөө бодож шийдвэр гаргаж хийж байна. Бусад шүүгч нарыг төлөөлөн ярих эрхгүй. Би зөвхөн Оюунтунгалаг гэж хүнийг төлөөлж ярьж байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404