АВТО ЗАМЫН АШИГЛАЛТ, ЭВДРЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
2019/06/22

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд гарсан эвдрэл, ашиглалт, үүссэн нөхцөл байдалд ЗТХЯ, ЗТХТ, Төв аймгийн ЗДТГ болон холбогдох бусад  байгууллагатай хамтран хяналт шалгалт хийлээ. Энэ хүрээнд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 65-73, 80-95 дахь км-ийн хэсэгт засварын ажлыг эхлүүлж, мөн хөдөлгөөнийг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлжээ.  

  Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замын эвдрэлтэй хэсгийн хоёр талд  101, 119 дэх километрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж, Баянхангай сум руу явсан 5 км орон нутгийн чанартай асфальтбетон замын 103 дахь километрт усанд автаж, замын хөвөө, хучилт  эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсныг засварлах ажлыг “Эрдэнэсант АЗЗА” компаниар гүйцэтгүүлэхээр болжээ. Мөн зам засварын ажилтай холбогдуулан улсын чанартай авто замын хөдөлгөөнийг орон нутгийн 5 км асфальтбетон хучилттай болон 11.5 км хөрсөн замаар түр хугацаанд явуулах ажлыг зохион байгууллаа.

   Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын болон орон нутгийн чанартай авто замд гарсан дээрх эвдрэлүүдийг засварлах, найдвартай удаан эдэлгээний шаардлагыг хангуулах, засвар шинэчлэлтийн нарийвчилсан зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэн ажлыг ойрын хугацаанд гүйцэтгүүлж, Авто замын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг гарган ЗТХЯ, ЗТХТ болон Төв аймгийн Засаг даргад хүргүүлээд байна. Улаанбаатараас баруун чиглэлд явж буй тээврийн хэрэгслүүд 105 дахь км болох Баянхангай /Атар/ уулзвараар түр замаар 120 км дахь хэсэгт хатуу хучилттай замтай нийлэх хүртэл шороон замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой зорчино уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404