Оюутолгойн суурь гэрээнүүдийг өөрчлөхгүй
2019/06/19

Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Монголчууд 1 тэрбум 79 сая ам.долларын өрөнд орсон гэдгийг ажлын хэсэг дүгнэлтдээ танилцуулсан.УИХ-ын гишүүд төслийн гэрээг сайжруулж хоёр тал хэлэлцлийн ширээнд суух ёстой гэдгийг хэлж буй. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  “Төслийг харилцан ашигтай болгох арга хэмжээг Засгийн газраас авах ёстой” хэмээн үзэж буй. Харин хөрөнгө оруулагч тал Оюутолгойн суурь гэрээнүүдийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Г.ТЭМҮҮЛЭН

УИХ-ын гишүүн

Оюутолгой төсөлд бидэнд засаж залруулах алдаа их байна. Зөвхөн энэ төсөл ч биш цаашдаа, бусад төсөлд анхаарах асуудал байна.  2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд TRQ-ийн гол хувьцаа эзэмшигч компани бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар Рио Тинтод хандаж мэдэгдэл гаргасан “Бид Оюутолгой төслөөс ашиг хүртэнэ гэж хүлээгээд үр дүнгүй олон жил боллоо. ТУЗ-д нь ч тэр, гүйцэтгэх засаглалд нь ч тэр Рио Тинто дангаар шийдвэр гаргаж бидний эрх ашиг зөрчигдлөө. Энэ дэлхийн хэмжээний орд юм бол энэ компани дэлхийн хэмжээний компанийн засагалалтай байх ёстой. Одоо эсэргүүцэхээс өөр аргагүй боллоо” гэсэн байгаа. Тэгэхээр Зөвхөн Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгч Рио Тинтод хууртагдсан биш энэ төсөлд шууд бусаар хөрөнгө оруулсан гаднын хөрөнгө оруулагчид хүртэл энэ компанийн засаглалыг сайжруулах, ногдол ашиг, үр өгөөжийн төлөө дуугарч эхэлж байна. Энэ бол бид Оюутолгой төсөлд дахиж хэлэлцээ хийж ширээний ард суух ёстой байгаагийн бодит жишээ. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух ёстой.  Рио-Тинто компани саяхан гаргасан мэдэгдэлдээ гэрээний нэг ч өгүүлбэр, таслалыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн нь тэдэнд нэг үг, үсэг ямар үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг харуулж байна гэж ойлгосон. Бид хэлэлцээрт орох ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Үүнд “Рио-Тинто” компани эмзэглэх шаардлага байхгүй. Төсөл 60-100 жил үргэлжилнэ. Харилцан ашигтай болгох арга хэмжээг Засгийн газраас авах ёстой.

АРМАНДО ТОРРЕС
Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал

Оюутолгой уурхай үйл ажиллагаа явуулаад таван жил болж байгаа ч бид энэ хугацаанд цуцалтгүй, шаргуу хөдөлмөрлөж, төсөлд оролцогч бүх талуудын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлж, гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтуудаа биелүүлж ажиллаж байгаа. Оюутолгой төсөл Монголын эдийн засгийн чухал тулгуур төдийгүй, бизнес болон нийгмийн тодорхой үзүүлэлтээрээ дэлхийн жишигт тооцогдох болсон. УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлаар хувь нийлүүлэгч талуудын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Оюутолгой төслийн хууль эрх зүйн үндсэн баримт бичиг болсон Хөрөнгө оруулалтын гэрээ, Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд үндэслэн олон улсын 20 гаруй банкнаас хөрөнгө татан төвлөрүүлсэн. УИХ-аас томилсон Ажлын хэсгийн үйл ажиллагааг бид бүхэн бүрэн дүүрэн дэмжиж, нээлттэй ил тод хамтран ажилласан. Хамын ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн товч тайлантай танилцсаныхаа дагуу бид өөрсдийн байр сууриа хүргүүлсэн. “Рио Тинто” компани болон “Туркойз хилл ресурс” компаниуд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Үндсэн суурь баримт бичиг болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг дахин хэлэлцэхгүй, өөрчлөхгүй, харин тэдгээр гэрээг хэрэгжүүлэх замаар Монгол Улсад орох төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын Засгийн газартай нээлттэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404