Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо
2019/06/14

Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.  Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон урлаг соёлын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аливаа улс орны хамгийн том хэрэгцээ соёл урлаг байдаг. Соёл урлагийн хэрэгцээг нийслэлчүүддээ хүргэж соён гэгээрүүлэх ажилд уриалан оролцдог та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэл хот үүсч хөгжсөний түүхт 380 жилийн ойн хүрээнд соёл урлагийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс урлагийн байгууллагуудын хуучирсан барилгуудыг шинэчлэх ажилд онцгойлон анхаарч  байна” гэлээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах аж. Өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон тэргүүтэй 24 байгууллагын удирдлагууд оролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404