Д АМИН ДЭМИЙН НӨЛӨӨ ТӨСЛИЙН ХААЛТ БОЛЛОО
2019/06/12

Хүүхдүүдийн дундах сүрьеэгийн тархалт нь дэлхий нийтийн асуудал болоод байна. 2018 оны 10-р сарын 26-нд Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар дэлхийн улс орнуудын удирдагчид сүрьеэг устгах улс төрийн тунхагийг баталсан юм. Манай улсад Харвардын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” төслийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлжээ. Анх 2004 онд Харвардын найман эрдэмтэн Монголд ирж уг судалгааны суурийг тавьж байсан бол өдгөө 100-гаад эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны нэгж статустай “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллага болон өргөжжээ.

Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа “Таван жилийн хугацаанд 18 бүрэн дунд сургуулийн 9846 хүүхдэд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээг олон улсын стандартын дагуу хийсэн. Монгол хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар бага байна гэсэн үр дүн гарсан. Тодруулбал арван хүүхэд тутмын нэг нь халдвартай байна. Сүрьеэгээр өвчилсөн 129 хүүхэд илэрснийг ХӨСҮТ-тэй хамтран эмчилсэн.Түүнчлэн хүүхдүүд Д амин дэмийн дутагталтай байгаа тул дархлаа нь суларч, халдварт өвчинд өртөх нь амархан байгаагилрүүлэв. Д амин дэмийн дутагдлыг эмчилснээр сүрьеэгийн халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхдийн дэргэд тамхи татаж болохгүй. Дам тамхидалтад өртсөнөөр халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.” гэв.

Хүүхдүүдэд Д амин дэмийн дутагдал илрүүлэх шинжилгээ хийхэд 53% нь гүн дутагдалтай, 40% нь дутагдалтай, 7% нь хэвийн гэсэн үр дүн гарчээ. Хүнийдархлааны системийн хэвийн ажиллагааг дэмждэг Д амин дэм зохист хэмжээнээс бага болсон тохиолдолд сүрьеэгийн халдвар авах магадлал 23%-иар нэмэгддэг байна.

-Хүүхдэдээ Д амин дэмийг тогтмол ууснаар ямар үр дүн гарсан бэ?

-СХД-ийн 18 дугаар хорооны иргэн Л.Пүрэвцэцэг: Сургуулийн насны хоёр хүүхдийн маань нэг нь энэхүү төсөлд хамрагдсан. Манай хүү хоёр жилийн турш эмч нарын зөвлөгөөгөөр Д амин дэм уусан. Төсөлд хамрагдаагүй охинтойгоо харьцуулахад дархлаа ялгаатай байгаа юм. Хүү ханиад тусах нь эрс багассан. Өвдсөн тохиолдолд антибиотик хэрэглэхгүйгээр эдгэчихдэг. Харин охин их өвчлөмтгий. Д амин дэмийн ач тус маш их гэдгийг мэдсэн.

Хүн амын дундах сүрьеэгийн халдварын тархалтыг нарийвчлан судалж, халдвар авсан хүмүүсийн дархлааны системийг дэмжин, эмчилгээнд хамруулснаар сүрьеэгийн халдварын гинжин хэлхээг таслаж, хүмүүсийн элдэв халдварт өвчинд өртөх эрсдлийг бууруулах боломжтойг судалгааны баг онцолж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404