Зуны амралтаар даалгавраар дарахгүй байя
2019/05/28

 Австралийн эрдэмтэд нэгэн судалгааны ажил явуулаад үр дүнд нь гэрийн даалгавар хийх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш гэдгийг тогтоожээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зохистой даалгавар нь дунд, ахлах ангийн хүүхдүүдэд бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог ажээ. Харин манайд л энэ даалгавар гэдэг юмны тун хэмжээг нь ихдүүлээд тэр  нь эцэстээ хүүхдийг хашрааж халгадаг  “хадны мангаа” болж хувирсан байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сурагчдад өгөх нэг өдрийн гэрийн даалгаврын хэмжээ, ачааллыг сургалтын агуулга, сурагчдын нас, бие хөгжлийн онцлогт тохируулан өгөх зөвлөмж гаргасан байдаг.

Зөвлөмжийн дагуу нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой ажээ. Харин II-III ангийн сурагч 1.5 цаг, IV-V ангийн сурагч хоёр цаг, дунд ангийн сурагч 2.5-3 цаг, ахлах ангийн сурагчийн гэрийн даалгавар 3.5 цагаас ихгүй байх шаардлагатай аж.

Тус байгууллага чухам юунд үндэслэж ийм зөвлөмж гаргасныг хэлж мэдэхгүй ч хэм хэмжээ тогтоож өгсөн нь сайн хэрэг. Гэхдээ энэ бас тийм ч бага хугацаа биш.  Жишээ нь дөнгөж зургаан настай хүүхэд тогтвортой суугаад нэг цаг зөвхөн хичээл номонд төвлөрнө гэхэд эргэлзээтэй. 

Гэрийн даалгврын талаархи бусад орны жишиг ямар байдгийг харъя. Англи болон  боловсролын тогтолцоогоороо  дэлхийд тэргүүлж буй Финлянд улс гэхэд  сурагчийн гэрийн даалгвар өдөрт 30 минутаас хэтрэхгүй байвал зохино гэж үздэг. Бидний сайн мэдэх Өмнөд Солонгост гэрийн даалгаварт ач холбодол бараг өгдөггүй гэдгийг тэнд ажиллаж амьдарч байсан нэгэн хэлж байх юм.

АНУ-ын Массачусетс мужийн нэгэн  дүүрэгт сурагчдын гэрийн даалгавар хийлгэх цагийг багасгах төлөвлөгөөг хэрэгжүүлж, VI-VIII ангийн хүүхдүүд гэрийн даалгаварт өдөрт нэг л цаг зарцуулах бөгөөд долоо хоногийн 2-3 өдөр л гэрийн даалгавар хийхээр журам гаргасан байна.

Мөн  хүүхдийн гэрийн даалгавар хийх хугацааг “10 минутын дүрэм”-ээр зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа судлаачид бас байна. Тухайлбал,  анх сургуульд орж буй жил хичээл хийх цаг өдөрт 10 минут байх бөгөөд анги өгсөх тусам 10 минутаар энэ хугацааг сунгах юм. Ингээд ахлах ангийнхны хувьд энэ хугацаа хоёр цаг хүртэлх байдлаар нэмэгдэх аж.

Энэ мэтээр гэрийн даалгавар тойрсон  судалгаа, шинэчлэл байна.  

Сурагчдыг гэрийн даалгавраар шахах нь сайн гэхээсээ илүү саар нөлөөтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг,  хоёрдугаарт, хүүхдийг сургууль, хичээлд дургүй болгох муу нөлөөтэй ажээ.  Энэ талаархи судалгаанд оролцсон  сурагчдын 45 хувь нь гэрийн даалгавар их өгдөг учир хичээлд явах ямар ч сонирхол байдаггүй гэж хариулжээ. Харин 11 хувь нь гэрийн даалгавраа хийгээгүй үедээ албаар хичээлээ тасалдаг гэсэн хариулт өгсөн байна.

Харин одоо хэдхэн хоногийн дараа зуны амралт эхэлнэ. Нас насны эрэмбэ онцлогт нь тохируулж  хүн болж төлөвшихэд нь хэрэгтэй, хөдөлмөрийн хүмүүжил олгохуйц, илүү бүтээлч тийм л зуны даалгаврыг өгье.  Тэгснээс тэр тоо, цээж бичгээ анги танхимдаа хийг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404