АНУ-д “Хуавэй” компани бизнесээ эрхлэх түр зөвшөөрөл 8 сарын 19-нийг хүртэл үйлчилнэ
2019/05/21

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Хуавэй” компанид бизнесээ эрхлэх түр зөвшөөрөл олголоо. Түр зөвшөөрөл наймдугаар сарын 19-нийг хүртэл үйлчилнэ. Энэ үеэр хэрэглэгчид программ хангамжаа шинэчлэх, компани сүлжээгээ дэмжих боломжтой гэж “Холбооны мэдээллийн агентлаг” мэдээлж байна.

АНУ-ын Худалдааны яам “Хуавэй” компани болон түүний 70 салбарыг үндэсний аюулгүй байдалтай харшлах үйл ажиллагаа явуулсан гээд хар жагсаалтад оруулсан юм. Үүний улмаас Хятадын компани АНУ-ын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр бизнес явуулах, түүнчлэн Америкийн технологиудыг худалдан авах боломжгүй болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй компаниудын үйлдвэрлэсэн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг АНУ-д хэрэглэхийг хориглосон зарлигт гарын үсэг зурсан. Энэ зарлигт “Хуавэй” компанийн нэрийг дурдаагүй ч эх сурвалжууд энэ компанид зориулан гаргасан зарлиг гэжээ.

“Хуавэй”-гийн бүтээгдэхүүн нь тагнуулын зорилготой байж магадгүй гэж Вашингтон үздэг. Тиймээс АНУ 5G технологийг дэмжих тоног төхөөрөмжийн салбарт энэ компанитай хамтран ажиллахгүй байхыг бусад улс оронд уриалдаг юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404