Бакугийн "Их Дуулга" тэмцээнээс Монголын тамирчид 2 хүрэл медаль авлаа
2019/05/13

Азербайжан Улсын Баку хотод олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө. 

Дэвжээнд гарсан Монгол Улсын бөхчүүдээс Б.Ганхайч шагналт тавдугаар байрыг эзлэв.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д нийт 29 бөх барилдсанаас Б.Ганхайч Румын, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Японы М.Таширод дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд Польшийн Т.Каролинаг ялсан ч хүрэл медалын төлөөх барилдаанд Германы бөх Т.Мартинад дийлдэн шагналт тавдугаар байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Батболд гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны бөх Рустам Оружовт, 81 кг-д Н.Давгасүрэн хоёрдугаар тойрогт Украины бөх А.Харченкод ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Бакугийн “Их дуулга”-д 56 орны жүдочид өрсөлдөж байгаагаас манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 жүдоч барилдсан юм. Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн бол Д.Сумъяа шагналт долдугаар байр эзэлсэн. Б.Ганхайч шагналт тавдугаар байр эзэлж, Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар 12 дугаар байрт бичигдлээ.

Бакугийн “Их дуулга”-ыг Япон, Бразилын баг хоёр алтан медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Азарбайжан, Испани, Израйл, Франц, Молдав жагсаалтын III-VII байрт бичигдэж байна. Гүрж, Болгар, Словани, Швед улс мөнгөн медальтайгаар манай улсын урд жагсчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404