Бакугийн “Их дуулга” тэмцээнээс Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртлээ
2019/05/11

Азарбайжаны Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.

Тэмцээний эхний өдөр долоон бөх барилдсанаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшинг эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж, хагас шигшээд Гүржийн бөх Н.Темурд ялагдлаа. Манай бөх хүрэл медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд Францын бөх Х.Валидетай барилдан ваза-ари үнэлгээрээр ялан медалын тавцанд зогсчээ.

Энэ жинд барилдсан Л.Өнөболд эхний тойрогт ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

66 кг-д Ё.Басхүү Болгар, Монтенегро, Бразил, Испаний бөхчүүдийг дараалан ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх хагас шигшээд Азарбайжаны Ш.Нижатад ялагдсан ч А.Ибрахимыг ялж, хүрэл медалын эзэн боллоо.

Энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгажээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдаагүй бол 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдаж эхний барилдаанаа ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Харин 57 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэрбээр”С” хэсгийг тэргүүлэн барилдаж хэсгийн аваргын төлөө Унгарын жүдоч Х.Каракаст ялагдсан. Манай бөх дагах барилдаанд Францын Р.Хелентэй таарсан ч ялагдал хүлээснээр хүрэл медалын төлөө барилдаж чадсангүй.

Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр манай долоон жүдоч дэвжээнд гарснаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв.

Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай бөхчүүдээс 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч тус тус барилдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404