Жимсний 30 гаруй сортыг импортоор авч туршиж, нутагшуулах ажлыг эхлүүллээ
2018/06/30

"Жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд нийт 166 га талбайд тариалах 211 мянган ширхэг чацаргана, үхрийн нүд, алим, чавганы суулгацыг нийлүүлж, 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хүүгүй зээлээр олгож байна. Хөтөлбөрийн хүрээнд 5 га-ийн 20 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байгаа юм.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслөөр алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас импортоор авч туршиж, нутагшуулах ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулан, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Урьдчилан тооцож байгаагаар төмс, хүнсний ногооны хадгалах хүчин чадлыг 30 гаруй мянган тонноор нэмэгдүүлэх боломжтой.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт 400 сая, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт тус бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний ногооны зоорь байгуулахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах, зургаан аймагт 3.3 мянган тоннын багтаамжтай механикжсан зоорь байгуулах сонгон шалгаруулалт зарлаад байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404