Хурдан морь унаач хүүхдүүд эцэг эхээсээ зөвшөөрөл авна
2018/06/30
Улсын баяр наадмаар давхардаагүй тоогоор 5000-6000 хүүхэд морь унаж уралдадг байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн баяр наадмаар уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийг хэрэгжүүлэх юм байна. Ийнхүү бүртгэлжүүлж цахим карт олгох бөгөөд унаач хүүхэд тухайн картаар өөрийгөө нотолж, уралдаанд оролцох боломж бүрдэх аж. Мөн унаач хүүхдээс эцэг эхийн зөвшөөрлийг зайлшгүй бичгээр шаардах юм байна. 

Эцэг, эх асран хамгаалагчын зөвшөөрөлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэллээ. Мөн унаач хүүхэд зайлшгүй даатгалтай байх ёстой. Нийтдээ 11 компани унаач хүүхдийн даатгалын үйл ажиллагааг явуулж байна. Түүнчлэн энэ онд морь унаач хүүхдийн хувцасны стандартыг баталсан. Эл стандартыг мөрдөж ажиллах бөгөөд 7-оос дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулах аж. Засгийн газрын 2005 оны тогтоолоор баталсан хурдан морь уралдуулах дүрмэнд айргийн тавд хурдалсан морьдын шагналын мөнгөний 30 хүртэлх хувь, бай шагналын 20 хувийг унаач хүүхдэд олгоно гэж заасан байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404