Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2019/05/03

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 саналаар санал хурааж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Мөн  Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон тэрээр харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын радио долгионы талаар хэрэгжүүлэх эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлахаар, олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар, харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах, хуульд өөрөөр заагаагүй бол тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглах болон радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглох зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэгтэй холбогдсон санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг Байнгын хороо санал, дүгнэлтдээ дурджээ

Радио долгионы тухай хуульд харилцаа холбооны тухай хууль, бусад шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын өөрчлөлттэй нийцүүлэн эшлэл, заалтуудыг өөрчлөх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын конвенц болон Дэлхийн радио холбооны дүрмийн нэр томьёонд нийцүүлэн хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, давхардлыг арилгах, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороогоор дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах, үйлчлэгчийн үүрэгт салбарын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор үйлчлэгч өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх гэсэн зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404