“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа арилжаалах эрхийг 9 дүгээр сард нээнэ
2019/05/01

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм.  

 

Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.

2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

 Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг 09 дүгээр сарын 01-ний дотор нээж, үе шатттай арилжаалахыг сайд Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат нарт даалгав. Цаашид гадаадын Хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах бэлтгэлээ хангахаар болсон байна.

Олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг хамгийн оновчтой бүтцээр өөрчилж, компанийн хамаарал бүхий компанийн нэгдэл байгуулахаар боллоо. Компанийн нэгдлийн оролцогчийн хувьцааг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид 12 дугаар сарын 01-ний дотор арилжиж эхлэхээр тооцон бэлтгэлээ хангахыг даалгав.   

 

 Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг батлав

  Хөтөлбөрийн хүрээнд:

-  Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

-  Бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, насан туршдаа суралцахыг дэмжих

-  Хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих

-  Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

-  Залуучуудад ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг нь бүрдүүлэхийг зорих юм.

Дэлхийн улс орнуудын залуучуудын хөгжлийг эрүүл мэнд, өрсөлдөх чадвартай мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоо гэсэн таван үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 2016 онд 183 орноос 71 дүгээр бичигджээ.  Манай улсын 3.2 сая хүн амын нэг сая гаруй нь 15-34 насны залуучууд байна.  

 

Үрийн болон улаанбуудайг нөөцөөс нийлүүлнэ

Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч Тариаланг дэмжих санд олгохоор болов. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх юм.

Манай улс өнгөрсөн жил 444 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 428 мянга гаруй тонн улаанбуудай хураан авч, 376 мянган га-д уринш боловсруулсан байна. Энэ хавар 387 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 367 мянга гаруй га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ.

 

Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгав

Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа, төсвийн урамшууллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулж байхаар боллоо. Мал хамгаалах сан 2018 оны эцсийн байдлаар 33.4 тэрбум төгрөгийн авлагатай, 23.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

 

Цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжинэ

Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид, оюутан багш, суралцагчдын нийгмийн  асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн санахүүжилтээр цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, шинээр орон сууцны хороолол барих зөвшөөрөл олгохдоо сургууль, цэцэрлэгийг хамтад нь барих стандартыг мөрдөж зөвшөөрөл олгож байхыг үүрэг болголоо.

гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404