Х.Баттулга: Монгол судлалыг дэмжинэ
2019/04/19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан дээрх хуралд оролцохоор ирсэн олон улсын Монгол судлаач эрдэмтдийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Тэрээр олон улсын эрдэм шинжилгээний IV хурлыг хамтран зохион байгуулж, ач холбогдолтой илтгэл хэлэлцүүлж байгаа Монгол судлаач эрдэмтдэд талархаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Монгол судлалыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн  юм. Мөн Монгол судлал, Монголын түүх, соёлын өвийг судлахад гол үүрэгтэй Монгол судлаачид ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд ирэх жил болох Хархорум хотын 800 жилийн ой, 2021 онд болох Монгол судлалын 12 дугаар Их хуралд идэвхтэй оролцохыг хүслээ.

Уг хуралд Монгол судлалын ууган төв Санкт-Петербург хотын Эрмитаж улсын музей, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Шинжлэх ухааны архив, Улаан-Үдийн Монгол, Будда, Төвдийн судлалын хүрээлэн, Оросын угсаатны музейн нэртэй судлаачид оролцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404