Сум бүрт “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулна
2019/04/18

Улаанбаатар хот болон орон нутагт байх “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгохоор Засгийн газраас шийдвэрлэв. Бүх суманд ийм төв байгуулж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Төвийн мэдээллийг системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох юм байна.

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна

“Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор улсын үзлэг явуулах болов. Үзлэгийн үр дүнг долоодугаар сарын нэгний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

2018 оны эцсийн байдлаар 38 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж өссөн дүнгээр 187 тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээл авчээ. Үүний дүнд 34 790 ажлын байр шинээр бий болж, 20 373 ажлын байр хадгалагджээ. Сан 89 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байна.

Товч мэдээ

-  2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов.  

-  “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний Монголын талын төслийг дэмжиж, Хятадын талтай эцэслэн тохирч гэрээ байгуулахыг сайд Д.Цогтбаатарт зөвшөөрөв.

-  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, байгуулах гэрээний үндсэн зарчим болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд Оюутолгойн салбар төмөр замыг холбох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулахаар болов. 

-  Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан, хэрэгжилт удаашралтай байгаа төсөл, арга хэмжээг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

-  БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт бүсэд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Б.Энх-Амгаланд даалгав. Энэ нь Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээ бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулах, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны бүсийн хөнгөлөлттэй бодлогод аж ахуйн нэгжүүдээ хамруулах зорилготой юм.

-  Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.  Бодлогыг 2019-2027 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

-  Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь батлав. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх зүй, нийгмийн ухааны зэрэг сургуулийн хөтөлбөрүүд хууль сахиулах үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд төгсөгчид нь хууль сахиулагчаар ажилладаггүй байна. 

-  Энэ онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, урлаг, утга зохиол, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүүхэд, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбарт 70 арга хэмжээ зохиох юм 

гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404