Х.Баттулга: Хүүхэд залуус, тамирчдын хүсэл мөрөөдлийг өөртөө шингээсэн Мөсөн ордон хурдан баригдаасай
2019/04/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй өвлийн спортын “Мөсөн ордон”-ы шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Ёслолын эхэнд уг ордны мэдээлэл тавигдсан бөгөөд  

  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,

  • 2600 хүртэлх үзэгчийн суудалтай,

  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай

  • Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,

  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөж, 16 сарын дотор барьж дуусгахаар ажиллаж байгаа ажээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга бүтээн байгуулалтыг цаг, хугацаанд нь багтаан дуусгах ёстойг онцлон хэлээд 

“Монголчууд бид эвлэн нэгдэх аваас хүссэн зорьсноо биелүүлдэг ард түмэн гэдгээ олон зүйлээр батлан харуулдаг нэгэн жишээ, үлгэр авахуйц ажил бол энэхүү “Мөсөн өргөө”-г бүтээн байгуулахаар хөрөнгө мөнгө, хүч чадлаа нэгтгэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн шийдвэр юм. Үе, үеийн хүүхэд залуус, тамирчдын хүсэл мөрөөдлийг өөртөө шингээж байгаа цогцолборууд, ялангуяа “Мөсөн өргөө” цаг хугацаандаа баригдаасай гэж дахин хүсч байна.  Задгай талбайд бэлтгэл хийж Азийн цомын тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн хоккейчиддоо мөн энэ өдөр баяр хүргэмээр байна. Бид зориулалтын битүү дээвэртэй ордонтой болсны дараа Азийн болон бусад том тэмцээнийг эх орондоо хүлээн авах боломжтой болно. Мөн энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа хоккейн спорт, уран гулгалтаар хичээллэж байгаа сурагчид үзүүлэх тоглолт үзүүллээ. Ёслолын арга хэмжээнд хоккейн спорт өндөр хөгжсөн улс, орнуудын Элчин сайд нар, дотоодын компаниудын төлөөллүүд, иргэд оролцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404